Багш нар эрх зүйн шинэчлэл, сургалтын чанарыг сайжруулахыг эрхэмлэж байна

2018 оны 01 сарын 21

Багш нар эрх зүйн шинэчлэл, сургалтын чанарыг сайжруулахыг эрхэмлэж байна

     “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн өчигдөр Төрийн ордонд эхэлсэн. Улаанбаатар хотод болж буй эхний хэсгийн зөвлөгөөнд Улаанбаатар хотын Налайх, Баянзүрх, Багануур, Багахангай дүүрэг болон Төв аймгийн нийт 800 гаруй багш, ажилтнууд оролцож байна. Ирэх долоо хоногт үлдсэн нийслэлийн дүүргүүдийн багш, боловсролын салбарынхан зөвлөгөөнөө хуралдуулна.

Зөвлөгөөнийн салбар хуралдаанууд өнөөдөр хоёр дахь өдрөө хуралдаж байна. “Эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгаалал” гэсэн дөрвөн сэдвээр салбар хуралдаанууд болж байгаа юм. Салбар хуралдуунуудыг сурвалжиллаа.

Нэгдүгээр “Салбар хуралдаан эрх зүйн шинэчлэл” сэдвээр хуралдаж байна.

Салбар хуралдааны эхэнд "Боловсролын тухай хууль"-ийн шинэчлэл сэдвээр БСШУСЯ-ны мэргэжилтэн А.Цолмон
Төв аймгийн Заамар сумын сургуулийн захирал Д.Өлзийбаяр,
33-р сургуулийн багш Д.Тамир нар салбар хуралдааны хүрээнд илтгэл тавьсан юм.

Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2002 онд батлагдсанаас хойш нийт 20 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ. Энэ нь хууль, боловсролын салбарын бодлого тогтворгүй байгаагийн нэг баримт гэдгийг зөвлөгөөнд оролцогчид онцолж буй юм. Хууль өөрчлөгдөх болсон шалтгаан нь УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийн баримт бичиг 4 жилийн давтамжтай өөрчлөгдөж байгаатай холбон тайлбарлалаа.

 

Багшийн ур чадвар, үр дүнгээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгоно

БСШУСЯ-ны газрын дарга Д.Эрдэнэчимэг “Ерөнхий боловсролын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдэвт илтгэлдээ “Сургалтын үйл ажиллагаанд заавал мөрдөх хэм хэмжээ тодорхойлсон сургалтын бодлоготой байх асуудлыг хуульчилж, хэн нэгэн этгээд сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр оролддог субъектив нөлөөллийг арилгах, Сургалтын төлөвлөгөө боловсруулахад баримтлах хэм хэмжээг хуульчлах ёстой”-г онцоллоо.

Ахлах ангид сурагчид сонирхол хэрэгцээ, ирээдүйд эзэмших мэргэжлийн сонголтод суурилсан, уян хатан сургалтын зохион байгуулалтыг оновчтой шийдвэрлэх, ерөнхий боловсролын сургуульд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ бий болгох, Сурагчдын хөгжил, төлөвшилд багшийн адил үүрэг гүйцэтгэдэг зарим багш, ажилтан ээлжийн амралтын хоногийг бусад багш нартай адил болгох, нийгмийн баталгаагаар адил тэгш хангах, Багшийн ёс зүйн дүрмийн хамрах хүрээг өргөжүүлж багш, ажилтантай холбоотой гарч буй ёс зүйн асуудлыг байгууллагын түвшинд багш, ажилтан, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоо, хяналт дор шийдэж байх ёс зүйн зөвлөлийг сургууль дээр ажиллуулах, Багшийн нэр хүндийг хамгаалах зохицуулалт тусгахыг багш нар хөндлөө.

Хоёрдугаар салбар хуралдаан “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”сэдвийн хүрээнд үргэлжилж байна. “Үр дүнд суурилсан цалин хөлсний шинэчлэл” сэдвээр БСШУСЯ-ны мэргэжилтэн Ж.Ганбаатар, БСШУСЯ, А.Мөнх-Оргил нар үндсэн илтгэлийн тавилаа.

      Цалин хөлсний эрх зүйн асуудал нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулалтаар зохицуулагдаж байгаа. Илтгэлд дурьдаснаар Төрийн болон хувийн хэвшилд ажиллагчдын цалин хөлсний тогтолцоо, зохицуулалтын механизмыг бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Үндэсний болон бүс нутаг, салбарын түвшинд тарифын хэлэлцээрээр цалин хөлсний зохистой тогтолцоог бүрдүүлэх нийгмийн түншлэлийг төлөвшүүлж хөгжүүлэх, ААНБ-ын түвшинд хамтын гэрээ, хэлэлцээрээр цалин хөлсний тогтолцоо бий болгох нийгмийн түншлэлийг дэмжих, Цалин хөлсний талаарх судалгаа, мэдээллийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгааг дурьдлаа.

Мөн Засгийн газрын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т “Багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгоно” гэж тус тус заажээ. Иймд багш, бусад албан хаагчдын цалин хөлс, бодит орлогыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Багшийн цалин, хөлсний шинэ тогтолцооны эрх зүйн орчныг бий болгох. Ажлын туршлага, ур чадвар, ачаалалд суурилсан, ажлын үр дүн, бүтээмж, чанараар цалинждаг цалин хөлсний шударга, ил тод, нээлттэй, тогтолцоог бүрдүүлэх асуудлыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, БСШУС-ын сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” тухай 322/a170/a270 тоот хамтарсан тушаал 2017 онд батлагдлаа.

Ажлын хэсэг дараах ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.

  • Багшийн хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны үнэлгээг хийж, үндсэн цалинг нэмэгдүүлэх, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэх;
  • Багшийн хөдөлмөрийн үнэлэмж, ачааллыг хянан судалж, багшийн ажлын чиг үүргийг шинжлэх ухааны үндэстэй тогтоож, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх;
  • Цэцэрлэгийн багш, бага ангийн багшийн үндсэн цалинг хөдөлмөрийн онцлог, нөхцөл, ачаалалтай нь уялдуулж ялгаатай тогтоож, үндсэн цалинг нэмэгдүүлэх;
  • Багшийн ажлын норм, нормативуудыг хянаж, шинэчлэх;
  • Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйчийн цалин хөлсийг ажлын чиг үүрэг, ачаалалтай нь уялдуулан шинэчлэх;
  • Багшийн цалин хөлсийг мэргэжлийн ур чадвартай нь уялдуулан ялгаатай тогтоох, багшийг мэргэжлээ тасралтгүй  дээшлүүлэх нөхцөлийг хангасан мэргэжил дээшлүүлэх үндэсний тогтолцоог бий болгох юм.

Гол зорилго нь ажлын байранд суурилсан цалин хөлсний тогтолцоо нэвтрүүлэх бөгөөд мэргэжлийн ур чадвар, хариуцлага, ажлын ачаалал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлд үндэслэсэн үндсэн цалингийн тогтолцоог бий болгох аж.

П.Хишигсүрэн: Цалин хангамжийг нэмэгдүүлснээр багш ур чадвараа нэмэгдүүлэх үндэс болно

/Баянзүрх дүүргийн 85 дугаар сургуулийн багш, арга зүйч/

 

Баянзүрх дүүргийн 85 дугаар сургуулийн багш, арга зүйч П.Хишигсүрэнгээс байр суурийг нь сонслоо.

Багшийн хөгжлийн асуудлыг ярьж байгаад баяртай байна. Багш хөгжих, ур чадвараа дээшлүүлэхэд үндсэн цалинг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Нэг багш өнөөдөр  доод тал нь 30 гаруй, дээшээ 50 гаруй хүүхэдтэй ажиллаж байна. Багш нарын ачаалал их. Иймд цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Багшийн хөгжлийн асуудлыг үндсэн цалин дээр нь суурилж ярих хэрэгтэй байгаа юм. Багш нар маань ар гэртээ санаа зовохгүй, ажиллаж чадвал үр дүн нь сайн байна. Амьдрал нь тааруу, ар гэртээ дутагдалтай цалин мөнгө нь бага байх юм бол тэр хүнээс эрч хүч гарахгүй. Урам зоригтой ажиллаж чадахгүй шүү дээ. Тиймээс үндсэн цалинг нэмж өгөөчээ гэж хүсч байгаа. Багш нар энэ асуудлыг хөндөж тавьж байгаа. УИХ, төрийн түшээд, Засгийн газрын хариуцсан сайдууд маань энэ асуудлыг нааштайгаар бодож үзээсэй гэж хүсч байна.

Багшийн цалинг нэмэх саяны тэмцэл бол асуудлыг олон нийтэд хүргэсэн, санаа бодлоо илэрхийлсэн үйл ажиллагаа байсан. Багш хөгжих, ур чадвараа дээшлүүлэхэд цалин хангамжийн асуудал уялдаа холбоотой. Багш нар яагаад мэргэжлээ дээшлүүлж чадахгүй байна. Магистр, докторт суралцаж чаддаггүй. Энэ нь цалин хангамжтай холбоотой гэж харж байгаа.

Багш суралцагчдын мэдлэг, чадварыг бодитой үнэлэх ёстой

 

Гуравдугаар салбар хуралдаан МУИС-ийн эрдмийн танхимд “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл” сэдвээр үргэлжилж байна. “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл” сэдэвт салбар зөвлөгөөн МУИС-ийн эрдмийн танхимд болж 200 гаруй багш, удирдах ажилтнууд оролцож санал бодлоо солилцлоо.

Салбар зөвлөгөөнөөр “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын бодлого, төлөвлөгөө” сэдвээр Боловсролын хүрээлэнгийн захирал М.Итгэл, А.Энхтогтох нар илтгэл тавилаа. Уг илтгэл дээр 12 оролцогч багш санал бодлоо хэллээ. Илтгэлд дурьдаснаар, Улсын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд 224 бүлэг III ээлжинд хичээллэж байгаагийн 222 нь Улаанбаатар хот, 2 нь Говь-Алтай аймгийн төрийн өмчийн сургуулийн бүлэг байна. Хот, хөдөөгийн болон нэг, хоёр, гурван ээлжтэй сургуулийн ялгаатай байдлаас үүдэн ЕБС нь сургалтын болон бусад үйл ажиллагаагаар сурагчдыг хөгжүүлэх, төлөвшүүлэх, хүмүүжүүлэх ажлыг сургуулийн сургалтын бодлого, дэг журмаар удирдах бичигдсэн ба  бичигдээгүй дүрэм журам, ёс зүйн хэм хэмжээ, үнэт зүйлс зэрэг сургалтын чанарыг илтгэх зарчим, шалгуурын тогтолцоог бүрдүүлж чадахгүй байна гэсэн юм.

Сургуулийн нөхцөл байдлаас харахад сурагчийн өдрийн ачаалал  их байгаа тул нэмэлт хичээл, агуулгыг багтаах боломж хязгаарлагдмал байна. Хот, хөдөөгийн болон нэг, хоёр, гурван ээлжтэй сургуулийн ялгаатай байдлаас үүдэн ахлах ангийн сурагчид сонголттой, уян хатан хөтөлбөрөөр хичээллэх боломж бүрдэхгүй байна гэж илтгэгчид онцоллоо. Иймд хоёр ээлжээр хичээллэдэг болох шаардлагатай байгаа аж.

Үүний дараа “Суралцагчийн үнэлгээний журмын шинэчлэл, чанарын хяналт, үнэлгээний тогтолцоо” сэдэвт илтгэлийг Боловсролын үнэлгээний төвийн Шалгалт судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат илтгэж оролцлоо. Боловсролын үнэлгээний төвийн Шалгалт судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлж дүгнэх журмыг шинэчлэн 2013 оноос мөрдөж эхэлсэн. Энэ журмаар ерөнхий боловсролын сургуулийн V, IX. XII анги төгсөгчдөөс улсын хэмжээнд нэгдсэн шалгалт авч, бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын хэрэгжилтийг үнэлж байхаар заагдсан боловч өнөөдрийг хүртэл энэ ажлыг үр дүнтэй хийж чадсангүй. Сургууль, багш нарын үйл ажиллагаанд хамгийн их доголдож байгаа ажил бол суралцагчдын мэдлэг, чадварыг үнэн зөв бодитой үнэлж дүгнэж чадахгүй байгаа явдал юм.

Аливаа шалгалт, судалгааны үр дүнг сургалтын чанарыг сайжруулах, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, багш, сургуулийн үйл ажиллагааг үнэлэх, боловсролын зорилго, бодлогын хэрэгжилтийг тооцох, үнэлэх зэрэгт ашиглах, хэрэглэх байдал дутмаг. Үнэлгээ нь багш, суралцагчийн ахиц амжилтыг урамшуулан дэмжихээс илүүтэй хянах, шалгах буюу “хариуцлага тооцох эсвэл дүн тавих хэрэгсэл” гэх тогтсон хандлага давамгайлсан нь үнэлгээг мөн чанараар хөгжих боломжийг хааж байна. Багш суралцагчдын мэдлэг, чадварыг бодитой бус өнгөц хийсвэр байдлаар үнэлэх хандлага давамгайлж байна. Одоогийн мөрдөж байгаа үнэлгээний журамд заагдсаны дагуу суралцагчдыг дүнгийн 5 шатлалаар үнэлж байгаа нь хэт ерөнхий бөгөөд нийт суралцагчдын ихэнх хувийг үнэлж оношилж тэдний ялгаатай байдал, түвшинг бодитой тодорхойлж чадахгүй байна” гэлээ.

Үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох, шинэчлэх шийдэл, арга замын хүрээнд үндсэн дараах зарчмыг баримтлах ёстойг онцолж байна.  

  1. Бага, дунд боловсролын үнэлгээ нь боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэмжихүйц байх;
  2. Боловсролын үнэлгээ нь бодитой, үр дүн нь найдвартай, ил тод, шударга байх;
  3. Үнэлгээ нь тасралтгүй, байнгын, сургууль, багш, суралцагчийн хөгжил, төлөвшлийн ахиц, өөрчлөлтийг илрүүлэхүйц байх;
  4. ургууль, багшийн ажлыг үнэлэхэд тоон болон чанарын үзүүлэлтүүдийг ашиглах ба олон нийтийн оролцоонд тулгуурлах;
  5. Сургууль, багшийн ажлыг үнэлэхэд өөрийн болон хөндлөнгийн үнэлгээг хослон хэрэглэх;
  6. Бүх шатны боловсролын үйлчилгээний чанар, үр дүнг үнэлэх боломжтой болгож стандартад суурилсан боловсролын тогтолцоог бүрдүүлэх;
  7. Боловсролын түвшин, чиглэл бүрээр үнэлгээний систем, шалгуур, аргачлалыг хянан сайжруулж үйлчилгээний чанар, үр дүнг үнэлэх боломжтой болгох;
  8. Суралцагчийн нас, сэтгэхүй, ялгаатай байдал, хөгжлийн онцлогт тохирсон байх
  9. Суралцагчийг дэмжих, урамшуулах, хөгжүүлэхэд чиглэсэн байх
  10. Суралцагчийн мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийн ахиц, өөрчлөлтийг үнэлэхэд чиглэсэн байх
  11. Үнэлгээ нь шалгуурт суурилсан байх
  12. Үнэлгээг хэрэгжүүлэгч субьектүүдийн үүрэг, хариуцлагын тогтолцоонд тулгуурласан байх

Сургуулийн болон багшийн ажил, суралцагчдын мэдлэг, чадварыг үнэлж байгаа үйл ажиллагаанд аймаг, нийслэл, сум, дүүргийн сургалтын байгууллага, яам, түүний эрх олгосон байгууллагууд үнэлгээний үр дүнд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээний дүн мэдээг нэгтгэн дүгнэх, түүнд анализ хийх, үнэлгээний үр дүнг сургалтын чанарыг сайжруулах гол мэдээлэл болгон ашиглаж эргэх холбоонд оруулж ашиглаж чадахгүй байна.  2014 оноос эхлэн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх зорилгоор Чанарын үнэлгээний судалгааг авч эхэлсэн нь зохих үр дүнгээ өгсөн сайн ажил болсон хэдий ч судалгааны үр дүнд тулгуурлан сургалтын хөтөлбөрийг сайжруулах, багшлахуй, суралцахуйн үйл ажиллагааг дэмжсэн бодитой арга хэмжээ авагдаагүй байна.  

 

 


Ирсэн саналууд
pontni mongo bolon basgh nariin hariltsa tsahim su:

pontni mongo bolon basgh nariin hariltsa tsahim surguliiig heregjvvlj bh heregtei eniige shiidej ogooche


2018 оны 10 сарын 24
baagii:

ardchilsan daranguilagcxhid boliyoo


2018 оны 10 сарын 24
bataa:

fuck u


2018 оны 10 сарын 24
хэн нэгэн:

zl


2018 оны 10 сарын 24
билэгбаяр :

сайн байна уу. би аймагт насан туршийн боловсролын багш хийдэг юм. манай анги нь хөгжлийн бэрхшээлтэй сурагчтай. хичээлийн хөтөлбөрөө бага суурь бүрэн дундаар аргаж хичээлэлдэг гэтэл миний цалин цалингийн доод түвшинээр цалинжиж байна ТҮБД-4 өөр энийг одоогийн бага ангийн багшийн ТҮБД-5 аар цалинжуулж болох уу


2018 оны 09 сарын 13
Нямгэрэл:

Гадаад хэлний хичээлийг амьдралд ойр, хэрэглэхэд хялбар байдлаар ном сурах бичгээ гаргамаар байна. 1 улиралд дэндүү их агуулга мөн цагийн хувьд хангалтгүй байгаа нь багш сурагчдад хүндрэл учруулдаг. Орос хэлний хичээлийн цагийг нэмэгдүүлэх, 5-р ангиас нь эхлэн үзвэл илүү үр дүнтэй гэж үзэж байна.


2018 оны 09 сарын 05
Бямбасүрэн:

Газарзүйн хичээлийн цагийг танах биш нэмэгдүүлмээр байна. Тогтвортой хөгжлийн боловсрол олгох чухал хичээл нь Газарзүй шүү дээ.


2018 оны 07 сарын 25
Д.Гэрэлцогт:

Анги засварыг,засварын мөнгийг нэг мөр шийдмээр юм.


2018 оны 06 сарын 14
Д.Гэрэлцогт:

2.Сурагчийн дүрэмт хувцсыг өвөл,зуных гээд нормын хувцас шиг үнэгүй тарааж өгвөл зүгээр байна.Улс даяар ижил.3.Багш нарыг дэндүү тайлангаар дарах юм.Бичиг цаасанд дарагдаж байна.


2018 оны 06 сарын 14
Д:Гэрэлцогт :

1.Сургалтын хөтөлбөрийг өөрчлөхөөсөө өмнө сурах бичгээ хэлээд гар дээр ирүүлчихээд тэр хөтөлбөрөө мөрдвөл зүгээр юм.


2018 оны 06 сарын 14