Багш нар боловсролын салбарын тогтвортой хөгжлийг чухалчилж байна

2018 оны 01 сарын 19

Багш нар боловсролын салбарын тогтвортой хөгжлийг чухалчилж байна

 “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн Төрийн ордонд өнөөдөр нээлтээ хийлээ. Өнөөдрийн зөвлөгөөнд Улаанбаатар хотын Налайх, Баянзүрх, Багануур, Багахангай дүүрэг, Төв аймгийн нийт 800 гаруй багш, ажилтнууд оролцож байна.

Улсын хоёрдугаар зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайд Ц.Цогзолмаа илтгэл тавилаа. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа илтгэлдээ “Сургалтын төлөвлөгөөнд байгаа судлагдахууны цагаар багшийн ажлын нормыг тогтоож, сургалтыг тооцон санхүүжүүлдэг санхүүгийн тогтолцоог өөрчлөх шаардлага бий болж байна. Сонгон, секц, дугуйланг сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх орон зай, цагийн нөөц, хичээлийн бүрэлдэхүүн хэсэг болгож, санхүүжүүлэх шаардлага гарч ирж байгаа” гэдгийг онцоллоо.   

Улсын хоёрдугаар зөвлөгөөний нээлтийн арга хэмжээнээр “Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл” сэдвээр БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн А.Цолмон, “Багшийн цалин хөлсний шинэчлэл” сэдвээр БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Ж.Ганбаатар, “Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл” сэдвээр
Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Санжаабадам, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Ж.Мягмар,
Боловсролын хөгжлийн чиг хандлага” сэдвээр судлаач Б.Банзрагч нар тус тус илтгэл хэлэлцүүллээ

Улсын хоёрдугаар зөвлөгөөний дээрх илтгэлтэй холбогдуулан багш нарын төлөөллийн санал, бодлыг сонслоо.

Г.Хандхүү: Монгол уламжлалын хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулах хэрэгтэй

(Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн математикийн багш)

    Би багшийнхаа мэргэжлээр 22 дахь жилдээ ажиллаж байна. Улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцож байгаадаа баяртай байна. Боловсролын салбарын гол хөгжих үндэс нь бодлого тогтвортой байх ёстой. Боловсролын салбарын бодлого тогтвортой байх нь нэн тэргүүний шаардлага. Энэ асуудлыг “Тогтвортой хөгжил –Ерөнхий боловсрол” чуулган хөндөж байгаа нь сайшаалтай. Тиймээс чуулган үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна. Дөрвөн салбар зөвлөгөөн болно. Миний хувьд “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгаалал” сэдэвт салбар зөвлөгөөнд оролцож, санал бодлоо хэлнэ. Хүүхдийн хүмүүжилд Монголын уламжлалт зан, заншлыг сургалтын хөтөлбөрт оруулах хэрэгтэй байгаа юм. Монгол уламжлалаараа дамжиж, Монгол хүн болдог, хүүхэд зөв хүн болон хүмүүждэг. Тиймээс сургалтын хөтөлбөрт оруулах ёстой. Сургуулийн өмнөх болон бага боловсролоос нь эхлүүлж уламжлалт өв уламжлалыг нь хүүхдүүдэд өвлүүлэх нь чухал байна. Багаас нь өв уламжлалаа мэддэг хүмүүжил олгох нь ирээдүйд зөв хүн болох суурь тавигдана.

З.Тунгалаг:  Багш болж байгаа хүнээ бид сайн бэлдэх ёстой

(Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн багш)

    Боловсролын салбарын тогтвортой хөгжлийн асуудлаар ярьж байна. Сүүлийн 20 гаруй жилд манай салбарын бодлого тогтвортой байгаагүй. Тиймээс одоо салбарын тогтвортой байдал, хөгжлийн асуудлыг ярьж байгаад найдлага тавьж хүлээж байна.

Мөн боловсролын салбарын хөгжлийг ярихын тулд багшийн хөгжлийн асуудлыг ярих ёстой. Багш болж байгаа хүнээ бид сайн бэлдэх ёстой. Ер нь боловсролын салбарын чанар, хөгжлийн асуудал багш нараас л шалтгаална. Тийм учраас багш болох хүнээ сайн сонгон шалгаруулалт явуулж авдаг байх хэрэгтэй юм. Тийм учраас багшийнхаа хөгжилд анхаарсан шийдвэр гараасай гэж хүсч байна.

Багш нар боловсролын салбарын хөгжлийн үндэс нь бодлогын тогтвортой хэрэгжилт гэж үзэж байна.

Өнөөдөр мөн үдээс хойш дөрвөн салбар зөвлөгөөн МУИС, МУБИС, Багшийн хөгжлийн ордонд хуралдаж байгаа юм. “Эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгаалал” гэсэн дөрвөн сэдвээр салбар хуралдаанууд болж байна. 

Т.Амар

 


Ирсэн саналууд
билэгбаяр :

сайн байна уу. би аймагт насан туршийн боловсролын багш хийдэг юм. манай анги нь хөгжлийн бэрхшээлтэй сурагчтай. хичээлийн хөтөлбөрөө бага суурь бүрэн дундаар аргаж хичээлэлдэг гэтэл миний цалин цалингийн доод түвшинээр цалинжиж байна ТҮБД-4 өөр энийг одоогийн бага ангийн багшийн ТҮБД-5 аар цалинжуулж болох уу


2018 оны 09 сарын 13
Нямгэрэл:

Гадаад хэлний хичээлийг амьдралд ойр, хэрэглэхэд хялбар байдлаар ном сурах бичгээ гаргамаар байна. 1 улиралд дэндүү их агуулга мөн цагийн хувьд хангалтгүй байгаа нь багш сурагчдад хүндрэл учруулдаг. Орос хэлний хичээлийн цагийг нэмэгдүүлэх, 5-р ангиас нь эхлэн үзвэл илүү үр дүнтэй гэж үзэж байна.


2018 оны 09 сарын 05
Бямбасүрэн:

Газарзүйн хичээлийн цагийг танах биш нэмэгдүүлмээр байна. Тогтвортой хөгжлийн боловсрол олгох чухал хичээл нь Газарзүй шүү дээ.


2018 оны 07 сарын 25
Д.Гэрэлцогт:

Анги засварыг,засварын мөнгийг нэг мөр шийдмээр юм.


2018 оны 06 сарын 14
Д.Гэрэлцогт:

2.Сурагчийн дүрэмт хувцсыг өвөл,зуных гээд нормын хувцас шиг үнэгүй тарааж өгвөл зүгээр байна.Улс даяар ижил.3.Багш нарыг дэндүү тайлангаар дарах юм.Бичиг цаасанд дарагдаж байна.


2018 оны 06 сарын 14
Д:Гэрэлцогт :

1.Сургалтын хөтөлбөрийг өөрчлөхөөсөө өмнө сурах бичгээ хэлээд гар дээр ирүүлчихээд тэр хөтөлбөрөө мөрдвөл зүгээр юм.


2018 оны 06 сарын 14
Д:Гэрэлцогт :

Дээрээс төрөл бүрийн уралдаан тэмцээн,олимпиад дэндүү их зохиогдож байна.Ангийнхаа хүүхдүүдийг хүмүүжүүлэх,хөгжүүлэх ,тэдний хүсэл сонирхолд нийцсэн төлөвлөгөө гаргаад түүнийхээ дагуу явж байтал гэнэт дээрээс уралдаан тэмцээн гараад ирнэ .Ангийн ажлын төлөвлөгөө ямарч хэрэггүй болж байна.


2018 оны 06 сарын 14
Н.Отгонцэцэг:

авьяасыг дэмжсэн дуу шүлэг бүжгийн уралдаан, спортын тэмцээн хэт их болж, хүүхдийн сурлага мэдлэг чадварыг хөгжүүлэх үйл ажиллагаа, хүмүүжил төлөвшилтэй холбоотой ажлууд бага явагдаж байна. Энэ тал дээр цаашид анхаарах. мөн багшийн бичиг цаасны ажил, янз бүрийн тайлангууд ихдэж сурагчидтайгаа ажиллах цаг багадаж байна.


2018 оны 06 сарын 09
О.Бат-Эрдэнэ:

анги удирдсан багшийн ажлын ачаалал дэндүү их бүх сургууль дээр ирсэн бичиг ажилууд АУБ дээр ирж бөөгнөрдөг энэ нь багшийн аяааллыг дэндүү нэмдэг


2018 оны 05 сарын 16
О.Бат-Эрдэнэ:

багш сурагчийн бодит ачааллыг тооцож үздэггүй хүн бүр ажил явуулах гэж төрөл бүрийн хугацаат ажлаар байнга дардаг, заримдаа үндсэн ажлаа марттал дээрээс ирсэн бичгийн хариу тайлан судалгааг хийдэг. энэ нь багш сурагчийн үндсэн зорилго хазайхад хүрч байна .


2018 оны 05 сарын 16