Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл

Илтгэлийн дэлгэрэнгүй Илтгэл татах

Хүүхдийн хүмүүжил төлөвшил: Боломж ба шийдэл

салбар хуралдааны илтгэл

Илтгэгчид: МУБИС. Боловсрол судлалын сургууль

Г.Цогзолмаа,доктор,дэд профессор

Н.Оюут-Эрдэнэ, магистр

Ш.Ичинхорлоо, доктор, профессор

О.Жаргалсайхан, магистр

Т.Булганзаяа, магистр

 

Хүүхэд бол ирээдүйд баялаг бүтээгч, бид бүхний үнэт зүйл учир тэдний хүмүүжил төлөвшлөөс манай улсын цаашдын хөгжил шууд хамаарна. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудал бүх нийтийн үйлс мөн. Тиймээс энэ асуудлыг чухалчлан “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын II зөвлөгөөний хүрээнд хэлэлцэж нөхцөл байдлаа сайжруулах боломж шийдлийг хайж байгаа нь цаг үеэ олсон ажил болж байна.  

            Манай улс хүн ам зүйн хувьд хүүхэд, залуучуудын орон бөгөөд 2016 оны байдлаар нийт хүн амын 37,6 хувь буюу 1,173,918 нь 0-18 насны хүүхэд байна. Сүүлийн жилүүдэд гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлт, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, цахим донтолт, хүүхэд холбогдсон гэмт хэргийн тоо, өсвөр насны охидын жирэмслэлт нэмэгдсээр байгаа нь хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудалд нэн даруй анхаарах шаардлагатайг харуулж байна.

Тус илтгэлийг гурван асуултын дагуу боловсруулж бичсэн.

  • Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг хэрхэн ойлгох вэ?
  • Бидэнд хүүхдийн хүмүүжил төлөвшилтэй холбоотой ямар асуудлууд тулгамдаж байна вэ?
  • Асуудлыг шийдвэрлэх ямар боломж, шийдэл байна вэ?

 

Нэг. Хүүхдийн хүмүүжил, төлөвшил

Зарим эцэг эхчүүд хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхдээ “гэдэс цатгалан, мөр бүтэн бол боллоо” гэж боддог нь дутуу хуучирсан ойлголт. Иймд бид хүмүүжил төлөвшлийн тухай бүрэн ойлголттой болж түүнийгээ шинэчлэх нь чухал. Боловсролын салбарт ажиллаж байгаа багш сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн судлаачид, түүнчлэн эцэг эх, иргэд, олон нийтийн зүгээс хүүхдийн талаар ярьж, бичихдээ хүмүүжил, төлөвшил, нийгэмшил гэсэн ойлголтыг янз бүрийн утгаар ойлгож тайлбарлан хэрэглэж байна. Зарим тохиолдолд эдгээрийг нэг ижил зүйл мэтээр тайлбарлаж эсвэл өөр өөр утгатай мэтээр ярьж бичихийн зэрэгцээ хүмүүжил төлөвшил, нийгэмшил төлөвшил зэргээр хамтатган хоршуулж хэрэглэх нь ч цөөнгүй. Иймд эдгээр ухагдахууны утга агуулгыг нэг мөр болгон ялгаж салгах, тэдгээрийн холбоо хамаарал, харилцан шүтэлцээ, адил төстэй ба ялгаатай шинжийг оновчтой тодорхойлж хэрэглэх шаардлага зүй ёсоор тавигдах боллоо. Хүүхдийн хүмүүжил төлөвшилтэй холбоотой асуудал нь өнөөг хүртэл судлаачдын дунд маргаан дагуулсаар ирсэн. Учир нь дээрх асуудлыг сэтгэл судлал, боловсрол судлал, философи, социологи, хүн судлал, соёл судлал зэрэг нийгэм, хүмүүнлэгийн олон шинжлэх ухаан тал бүрээс нь судалж өөр өөрийн өнцгөөс харж тайлбарлаж байдаг нь эдгээрийг нэг мөр тайлбарлаж тодорхойлоход бэрхшээл учруулдаг. Иймээс бид энэхүү илтгэлдээ хүмүүжил төлөвшил зэрэг үгийн утга агуулгыг товч тайлбарлахыг зорилоо.

  • Хүмүүжил. Хүмүүжил гэсэн үг нь эртний монгол “хүмүүн” хэмээх үгнээс гаралтай гэж судлаачид үздэг. “Хүмүүжил бол хүүхэд ёс суртахууны, харилцааны, биеэ авч явах, сурч хөдөлмөрлөх олон төрлийн хэм хэмжээг өөрийн эрхэм зан чанар болгох үйл явц”. Бага насны хүүхдийн олж авах зан суртахуун, нийгмийн амьдралд биеэ авч явах чадвар дадал төлөвшсөн зан чанар гэж тайлбарлах нь ч бий. Бид хүмүүжлийг ёс суртахууны, хөдөлмөрийн, бие бялдрын, экологийн, эдийн засгийн, бэлгийн хүмүүжил гэх мэт хэлбэрээр авч үзэж ирсэн. Балчир бага насанд хүний хүмүүжил төлөвшлийн суурь тавигддаг тул бидний анхаарах чухал асуудал нь хүүхэд, өсвөр үеийнхэндээ бие хүний ямар эрхэм чанаруудыг төлөвшүүлэх вэ гэдэгт оршино. Мөн хүүхдийн хүмүүжил 0-6 насанд эрчимтэй явагдаж 10-12 нас гэхэд хүмүүжлийн суурь тавигдаж дуусдаг. Бид “өсвөр насны хүүхдийн хүмүүжил” гэж ярихгүй үүний оронд “өсвөр насны хүүхдийн өөрийн хүмүүжил” “төлөвшил”, “нийгэмшил” гэх үгийг хэрэглэнэ.
  • Төлөвшил. Судлаачид “төлөвшил” бол хүмүүжлийн залгамж холбоо, түүний үргэлжлэл бөгөөд өсвөр, залуу настай илүү холбон тайлбарлах хандлага бий. Зарим судлаач төлөвшлийг урт удаан хугацаанд үргэлжлэх үйл явц гэж үздэг бөгөөд түүний үргэлжлэх хугацаа үндсэндээ тодорхойгүй. “Төлөвшил нь хүн хөгжих үйл явцын үр дүн бөгөөд ... урт удаан хугацааны туршид явагддаг. Энэ нь хүний хөгжилд чанарын өөрчлөлт бий болж тэр нь тогтворжин хүнд тогтонги чанар болон шингэхийг хэлнэ” гэжээ. Ер нь төлөвшил хэмээх үгийн утга нь монгол хэлэнд төлөв томоо суух, байр суурьтай тохитой болох гэж тайлбарлагддаг. Бидний өвөг дээдэс эртнээс төлөвшсөн хүний тухайд төлөв түвшин хүн, буурь суусан хүн, ноён нуруутай хүн, тогтуун томоотой хүн гэх мэтээр сургамжилж ирсэн.
  • Нийгэмшил. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн тухай ярихад нийгэмшлийн асуудал зайлшгүй хөндөгддөг. Судлаач Брим (1969) “Нийгэмшил бол хувь хүн нийгмийн болон бүлгийн амьдралд их, бага ямар нэгэн хэмжээгээр үр өгөөжтэй оролцоход хэрэг болох мэдлэг, чадвар, байр суурь, хандлага эзэмших үйл явц” гэж үзсэн. Хүний нийгэмшил хэлд орох үеэс эхэлж насан турш явагддаг ба насны үе болгонд өөр өөрийн онцлогтой. Ингээд дээр өгүүлснээс үзвэл нийгэмшил хүний насан турш үргэлжлэх процесс бөгөөд түүний эхний чухал үе шат бол хүмүүжил юм. 

Хоёр. Хүүхдийн хүмүүжил төлөвшилтэй холбоотой тулгамдсан асуудлууд

Монгол хүүхдийн хүмүүжил төлөвшлийн тулгамдсан асуудлыг тодорхойлох зорилгоор тухайн чиглэлээр сүүлийн 5-10 жилийн хугацаанд хийгдсэн зарим судалгааны үр дүнг тоймлон шинжиллээ. Эдгээр судалгаа нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, дарамт, үе тэнгийн дээрэлхэлт, хөдөлмөр эрхлэлт, зан үйл зэрэг хүүхэд хамгааллын асуудалд илүү анхаарсан байх ба хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудлаар дагнасан үндэсний хэмжээний судалгаа ганц хоёроос хэтрэхгүй байна. 2016 онд МУБИС-ийн Боловсролын судалгаа арга зүйн тэнхмээс хот, хөдөөгийн ЕБС-ийн багш, эцэг эхчүүдийн хүмүүжлийн тухай ойлголт, хандлагыг тодруулах зорилгоор түүвэр судалгаа хийсэн байна. Судалгаагаар хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн амьдралын таагүй нөхцөл, нийгмийн хямралтай байдал ба цахим орчин сөрөг нөлөөтэйн сацуу судалгаанд оролцогчдын 8 орчим хувь нь хүүхдийн хүмүүжилд сургууль, багш нарын зүгээс ч сөргөөр нөлөөлдөг хэмээн үзэж байгаа нь анхаарал татаж байна.

            Хүүхдийн анхны хүмүүжүүлэгч бол эцэг эхчүүд. Тэдний хүүхдийн хүмүүжил төлөвшилд тавих халамж анхаарал, хүүхэд хүмүүжүүлэх арга барил, хандлагаас ихээхэн хамаардаг. Гэтэл хүүхдийг хүмүүжүүлэхдээ тэд хүмүүжлийн эерэг бус арга болох сэтгэл санааны болон бие махбодийн шийтгэлийг хэрэглэх явдал гэр бүл, ЕБС, цэцэрлэг, дотуур байранд байсаар байгаа талаар энэ чиглэлээр хийгдсэн судалгааны үр дүн харуулж байгаа нь шийдвэрлэх ёстой бас нэг чухал асуудал гэдгийг илтгэж байна. Тухайлбал, манай улсад 1-14 насны хүүхэдтэй эцэг эхчүүд сахилга хүмүүжлийн арга хэмжээ авахдаа 38% нь бие махбодийн дарамтын хэлбэртэй хүмүүжлийн арга, 25% нь сэтгэл зүйн дарамтын  хэлбэртэй хүмүүжлийн аргыг ашигладаг байна. Хүмүүжлийг ихэнх хүмүүс хүүхэд эцэг эхийнхээ үгэнд орж, үргэлж сэтгэлд нь нийцэж байх гэдгээр ойлгох хандлага түгээмэл байгаа нь эцэг эхийн сурган хүмүүжүүлэх мэдлэг, арга барил, хандлага зэрэг хуучин хэвээр байгааг харуулж байна. Энэ нь хүүхэд бусдыг даган дуурайх, өөрийн гэсэн үзэл бодолгүй, бусдаас хараат, асуудал шийдвэрлэх чадвар дутмаг хүн болж өсөхөд ихээхэн нөлөөлдөг болохыг судлаачид тэмдэглэжээ. Өсвөр үеийнхэн олон зүйлийг сонирхож, санаачлан хийж турших хүсэл эрмэлзлэлтэй байдаг ч бодит амьдралд монголын хүүхэд, өсвөр үеийнхний дунд асуудал шийдвэрлэх, зохицуулах чадвар дутмаг, хариуцлага сул, залхуу хойрго, атаархуу зан зэрэг сөрөг чанарууд түгээмэл ажиглагдаж байна. Хүүхдийн хүмүүжлийн таатай орчин гэр бүлийн хүрээнд зарим талаар бүрдэхгүй байна. Тухайлбал бага насны хүүхдүүдийн дунд аливааг танин мэдэхэд нь гэр бүлийн гишүүд нь хүүхдэдээ дэмжлэг үзүүлдэг 59%, гэртээ 3 ба түүнээс олон хүүхдийн номтой хүүхэд 23% бол 2 ба түүнээс төрлийн тоглоом, түүнийг орлуулах зүйлээр тоглодог хүүхэд 68%... гэсэн судалгааны дүн байна. Эндээс хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх үйл явц эерэг бус аргаар явагдах хандлага давамгайлахын хамт хүүхдийн хүмүүжил төлөвшилд нааштай нөлөө үзүүлэх гэр бүлийн орчин, дэмжлэг дутагдаж байгааг харж болно. Хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс тавих анхаарал, хараа хяналт сул байгаагаас осол гэмтэлд өртөх, сөрөг зан үйлд суралцах, донтох зэрэг эмгэгт өртөмтгий болсоор байна. Өсвөр насныхны дундах сэтгэцийн эрүүл мэнд, сөрөг зан үйл, хорт зуршлын асуудал хурцаар тавигдаж байна. ЕБС-ийн сурагчдын эрүүл зан үйлийг тодорхойлох судалгаагаар сурагчдын 10 орчим хувь нь тамхи татдаг, 4 сурагчийн 1 нь согтууруулах төрлийн ундаа хэрэглэж үзсэн, 9 сурагчийн 1 нь мансууруулах төрлийн бодисыг хэрэглэж үзсэн байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2010-2015 оны хооронд хэвтэн эмчлүүлсэн өсвөр насныхны тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа гэжээ. Дээр дурдсан тандалт судалгаа, статистик үзүүлэлтийг эс тооцвол өсвөр насныхны нөхцөл байдалтай холбогдолтой чанарын болон тоон мэдээлэл маш бага байгаа бөгөөд өсвөр насныханд тулгардаг нийтлэг асуудлуудын талаар ойлголт, мэдлэг хангалтгүй байна.

Хүүхдийн хүмүүжил төлөвшил, нийгэмшлийн асуудал нь төрөөс үзүүлэх боловсролын болон хөгжлийн үйлчилгээний чанар, хүртээмжээс ихээхэн хамааралтай. Ерөнхий боловсролын сургуулийн материаллаг ба нийгмийн орчин хангалттай бүрдэхгүй байгаа нь сургууль хүүхдийг нийгэмшүүлэх үүргээ хангалттай биелүүлж чадахгүйд хүргэж байна. Сургуулийн сургалт, хүмүүжлийн ажлын чанар, хүртээмжийг судлан тодорхойлсон байдал хангалтгүй, бодит байдал дээр сургуулиуд хүчин чадлаасаа илүү ачаалалтай ажилладаг зэргээс улбаалан сургуулийн сургалт, хүмүүжлийн ажлууд чанартай явагддаг гэж үзэхэд эргэлзээтэй. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг сайжруулах хичээлийн бус цагаар зохион байгуулагддаг арга хэмжээ нь бүх хүүхдийн оролцоог ижил тэгш хангаж чадахгүй байдал ажиглагдаж байна. Сургуулийн урлагийн дугуйлан, нийтийн арга хэмжээ, уралдаан, тэмцээнд сайн сурлагатай, авьяастай, эсвэл ар гэр нь боломжтой хүүхдийг сонгон оролцуулах хандлагатай тул нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүд оролцох боломж хомс байна. Нийслэл Улаанбаатар хотод нэг багшид ноогдох сурагчдын тоо олон ангид 40-өөс дээш байгаа явдал нь багш нар сурлагаар хоцрогдсон, хүмүүжлээр доголдсон, дэмжлэг шаардлагатай сурагчдын хэрэгцээнд нийцүүлэн ажиллах боломж хомс байна. Боловсролын тухай хууль болон багшийн ёс зүйн дүрмээр бие махбодь, сэтгэл санааны шийтгэлийг хориглосон хэдий ч сургуулийн орчинд багшийн зүгээс сурагчдад бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт үзүүлэх байдал хэвээр байна. Түүнчлэн сүүлийн үед үе тэнгийнхний дундах дарамт, дээрэлхэлтийн тоо нэмэгдэх хандлагатай, тэр дундаа цахим дээрэлхэлтийн асуудал хурцаар тавигдаж байгаагийн дийлэнх хувь нь сургууль, сургуулийн орчинд үйлдэгдэж байна. Сургууль сурагчдын дунд үүссэн аливаа харилцааны зөрчил, дээрэлхэлтийн асуудлыг шийдвэрлэх тал дээр учир дутагдалтай байна. Хүүхэд хэрэг төвөг тарьсан болон ноцтой асуудал үүссэн тохиолдолд хүүхдийн хүмүүжлийн асуудалд анхааран хамтран ажиллахын оронд сургуулиас хөөх, шилжүүлэх зэргээр өөрсдөөсөө холдуулж, зайлуулах хандлага сургуулиудад түгээмэл байна.

Телевизийн олон нэвтрүүлгийн агуулгад хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөөтэй зүйл бага бөгөөд зарим тохиолдолд хүүхдэд зориулсан нэвтрүүлэг нь хүүхдийн нас, сэтгэл зүй, монгол хүүхдийн онцлогт тохироогүй, хүүхдийн хэл яриа, сэтгэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлөх зэргээр хүмүүжлийн хувьд ач холбогдол муутай байна. Хүүхдүүд интернэт ашиглах боломж нэмэгдэхийн хэрээр цахим дээрэлхэлт ба цахим донтолтод өртөх эрсдэл нэмэгдэж байна.

Хүүхдийн хүмүүжлийн тухай унэхээр ул суурьтай ярилцъя гэвэл энэ талаар бид ямар алдаа дутагдал гаргаж байснаа тодруулж, тэдгээрээс сургамж авч, дахин давтахгүй байх нь маш чухал. Сүүлийн 30-40 жилийн хугацаанд хүүхдийн хүмүүжилтэй холбоотой бид бүхний гаргасан алдаа 1: 1970-1980-аад оны үед хүмүүжлийг ихээхэн улс төржүүлж үзэл сурталжуулж байсан бол 1990-ээд оноос хойш эзэнгүйтүүлж ирсэн. Энэ байдлаа бид эргэн харж, улс төржилтийг хязгаарлаж, хүүхдийн хүмүүжил бол эцэг эхчүүд, багш нар, бүх нийтийн үйл хэрэг, үүрэг гэсэн санааг мөрдлөг, бүр бодлого болговол зохино. Алдаа 2: хүүхдийн хүмүүжлийн асуудалд үндэсний онцлог уламжлал зэргээ үл тоож, гадны жишээ нь, оросуудын, дараа нь барууны, мөн япон, солонгос зэрэг бусад орны арга туршлагыг “копидон” буюу хуулбарлаж ирсэн нь алдаа юм. Гэтэл аль ч улс орон боловсролын салбартаа гаднаас импортлож болохгүй зүйл бас байдаг. Энэ нь боловсролын агуулга, хүүхдийн хүмүүжил зэрэг. Ингэж боловсролтой холбоотой амин чухал зүйлийг гаднаас импортлох нь үндэсний аюулгүй байдалд хожим сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд бид бусдын үзэл, хөтөлбөр, арга туршлага зэргийг хуулбарлан авахаа хязгаарлаж үүний оронд боловсрол сургалт хүмүүжлийн талаар өөрсдийн үзэл санаа онол арга зүй зэргийг судалж боловсруулах цаг болсон. Ингэхгүй л бол яваандаа монгол хүн үгүй болох аюул бий болоод байна. Алдаа 3: сүүлийн 20-30 жил монголчууд бид ёс суртахууныг уландаа гишгэсэн нь хамгийн том алдаа байв. Иймд дээр доргүй бид бүхэн ёс суртахууныг эрхэмлэн дээдэлж, хүүхэд залууст зөв үлгэр дуурайлал үзүүлэх маш чухал боллоо. Алдаа 4: бид сүүлийн жилүүдэд хэтэрхий туйлширч, зарим нь явцуурч, явцуу эрх ашигтаа хөтлөгдөх болсон нь яах аргагүй алдаа. Иймд бид өнөөгийн хүүхдүүд ирээдүйд Монгол Улс орныг авч явах хүмүүс гэсэн том утгаар нь энэ асуудалд хандаж хүмүүжлийн тухай цааш ярих олон зүйл дээр зөвшилцөж хамтарч ажиллахад суралцах ёстой. Алдаа 5: Хэдийгээр хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудал нь бүх нийтийн үйлс гэдгийг хүмүүс мэддэг ч бодит амьдрал дээр энэ зарчим хэрэгжихгүй бас хэвшихгүй байна.  Нэгнийгээ дээрэлхэж бүүрэлхэж байгаа хүүхдүүдийн хажуугаар дуугүй өнгөрөх, хажуу айл, гудамжинд гарч буй хүчирхийллийн үйлдлийг таслан зогсоохгүй байх, насанд хүрэгчид нийгмийн хариуцлага, оролцоо сул, хорт зуршилд автах зэрэг буруу үлгэр дуурайл нь хүмүүжлийн сөрөг нөлөөтэйг анхаарч өөрчлөлт хийх цаг болжээ.

 

Гурав. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн талаарх туршлага, боломж, шийдэл

Бидний өмнөх үеийнхэн “хүмүүжил бол хүүхдээр хүн хийх ухаан” гэж үзэж ирсэн нь үнэтэй өв мөн. Үүнийг бид гол ойлголтоо болгон монголчуудын өв уламжлал, зан заншил зэргийг иш үндсээ болгон авч цааш хөгжүүлэх нь зүйтэй. Энэхүү ухаан нь эцэг эх, багш, шийдвэр гаргагч бүх хүмүүсээс алсын хараа, уужуу ухаан, тэвчээр, хичээл зүтгэл, өгөөмөр сайхан сэтгэл, тууштай зан, шинэ шийдэл хайж олох зэргийг ихээр шаарддаг. Мөн хүмүүжил нь хүмүүсээс чин сэтгэл шаарддаг нэгэн онцлогтойг дурдах нь зүйтэй. Зарим хүмүүс хүмүүжил бол эцэг эхчүүд, багш нар хүүхдэд нөлөөлөх, жишээ нь, нэг хоёр үг хэлэх зэрэг нэг чиглэлтэй үйл явц гэж үздэг нь цаг үеэ өнгөрөөсөн зүйл болж байна. Орчин үед хүмүүжил бол эцэг эхчүүд багш нар хүүхдэд эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй мөн хүүхэд эргээд эцэг эхчүүд багш нарт нөлөөлөх хоёр чиглэлт процесс болж байна. Үүнийг хоёр субъект бие биедээ харилцан нөлөөлөх хамтын шинжтэй процесс гэнэ. Боловсролын салбарт олон арван жил баримталж ирсэн бихевиорист хандлага болох “хүүхдийг хэн нэгэн хүн гаднаас нь нөлөөлж хүмүүжүүлнэ” гэсэн үзэл санаагаа аажмаар өөрчилж дэлхий даяараа баримталж байгаа ”суралцагч төвтэй сургалт”, “конструктив хандлага” зэргийг нутагшуулж “хүүхэд өөрөө өөрийгөө хүмүүжүүлнэ” гэсэн хандлага руу шилжих цаг үед бид боловсролын үйлчилгээ үзүүлж байна.

Хүмүүжлийн асуудлыг шинжлэх ухааны үндэстэй бүрэн утгаар нь авч үзье гэвэл бид дараах зүйлийн талаар заавал ярих, судлах, зөвшилцөлд хүрэх ёстой. Үүнд: 1/ хүмүүжлийн үүрэг зорилго, 2/ хүмүүжлийн зарчим, 3/ хүмүүжлийн ажлын агуулга, 4/ хүмүүжлийн ажил, төрөл зүйл, 5/ хүмүүжлийн арга, хэрэгсэл, 6/ хүмүүжлийн таатай нөхцөл /гэр бүлд, сургууль ангид, нийгмийн бүх орчинд .../, 7/ хүмүүжлийн үр дүн, үнэлгээ гэх зэрэг. Ингэж хүмүүжлийг тогтолцоонд нь авч үзэх юм бол үр дүн гарах магадлалтай. Эдгээр зүйлээс хамгийн чухал мөртлөө бидний огт ярьдаггүй зүйлийн нэг болох “хүмүүжлийн зорилго” гэсэн зүйлийг дэлгэрүүлж үзье.

Хүмүүжлийн зорилго нь 1/ хүүхэд ямар хүн болох вэ? гэдгийг тодорхойлох, 2/ хүмүүжлийн эцэст хүүхдэд хүний ямар эрхэм шинж төлөвшсөн байх вэ? гэсэн асуултад хариу өгнө. Манай нийгмийн өнөөгийн төлөв байдал, цаашдын хөгжлийн хэрэгцээ зэргийг үндэслэн хүмүүжлийн зорилго бол ерөнхий утгаараа “хүүхэд бүрийг зөв хүн болгох” үйл явц гэж үзэж болох юм. “Зөв” гэсэн үгийг нэн эртнээс нааш дорны буддизмын “хутагтын 8 зөв мөр” гэсэн сударт бичиж, хэрэглэж ирсэн. Үүнд: 1/ зөв үзэл, 2/ зөв бодол, 3/ зөв үг яриа, 4/ зөв үйл, 5/ зөв амьдрал, 6/ зөв тэмүүлэл, 7/ зөв санаа, 8/ зөв бясалгал. Бид “зөв хүн” гэдэгт дээрх утгыг багтаан ойлгож, зөв гэсэн зүйл нь буруу, муу гэдгийн эсрэг сөрөн зогсох зүйл гэж үзэж байна.

Хүүхэд зөв хүн болно гэдгийн цаана ямар утга агуулга байх вэ? гэдгийг нэг талаас уламжлал, нөгөө талаас орчин үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагатай холбож өргөн хүрээнд авч үзэх хэрэг байна. Энд бид өрнийн суут сэтгэгчдийн бүтээл рүү хандахад илүүдэхгүй. Манай эриний өмнөх үеийн сэтгэгчид болох Демокрит, Платон, Аристотель, дундад зууны гүн ухаантан Я.А.Коменский, Д.Локк, Ж.-Ж.Руссо, К.А.Гельвеций, А.Дистервег, 20-р зууны нэрт сурган хүмүүжүүлэгч А.С.Макаренко, В.А.Сухомлинский зэрэг хүмүүсийн ном зохиолд хүмүүжлийн тухай давтагдаж байгаа зүйл бол хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг бол юуны түрүүнд түүнд 1/ ёс суртахууны хүмүүжил, 2/ хөдөлмөрийн хүмүүжил, 3/ оюун санааны /сэтгэл санааны/ зэрэг хүмүүжлийг төлөвшүүлнэ гэсэн санаа. Орчин үед бид зах зээлийн, ардчилсан нийгэмд амьдарч байгаа учир хүүхдэд эдийн засгийн, экологийн, эрх зүйн мэдлэг чадвар зэргийг мөн төлөвшүүлэх хэрэгтэй болсон.

Бид хүүхдэд хүний ямар эрхэм сайн шинж, чанарыг төлөвшүүлэх вэ? гэдгийг тодруулахгүй бол хүмүүжлийн зорилгын тухай яриа дутуу хагас болно. Хүн төрөлхтөн үеийн үед хүнд байх зан чанарын талаар эрэлхийлсэн зүйл, өнөөгийн нийгмийн хэрэгцээ зэргийг үндэслэн бид хүүхэд эзэмших зарим шинж, чанарыг санал болгож байна. Эдгээр нь эх оронч, хөдөлмөрч, тусч, бусдыг хүндлэх, хайрлах, эе эвийг хичээх, өөрийгөө дайчлах, хариуцлагатай, идэвх санаачилгатай, хамтач, зорилготой, нээлттэй, найрсаг, төлөв даруу, бусдын санал шүүмжлэлд хүлээцтэй ханддаг, худал ярьдаггүй, бусдын юмыг зөвшөөрөлгүй авдаггүй, архи, мансууруулах бодис хэрэглэдэггүй зэрэг зан чанарыг багтаан үзсэн. Хүүхдэд эдгээр шинж чанарыг төлөвшүүлэхийн тулд эцэг эхчүүд, багш нар, нийт ард иргэд, шийдвэр гаргагчид юу хийх вэ? гэсэн дараагийн асуулт дээр бид мөн л ул суурьтай, судалгааны үндэстэй хандана.

Дээр бичсэн зүйлийг хэрэгжүүлэхэд бид бүхэн юуг мөрдлөг, зарчим болговол энэ бүхэн амжилттай хэрэгжих вэ? гэдэг мөн чухал зүйл. Хүмүүжлийн ажлын агуулга, төрөл зүйл зэргийг социализмын он жилүүдэд манай судлаачид ихээхэн судалж ирснийг бид өнөөгийн нөхцөлд тохируулан бүтээлчээр хөгжүүлж хэрэглэх боломж байгааг тэмдэглэе. Хүмүүжлийн арга, хэрэгсэл монголчуудын сурган хүмүүжүүлэх уламжлалд маш сайн боловсорсон зүйлийн нэг мөн. Эдгээр уламжлалт арга, хэрэгслийг бид орчин үеийн нөхцөлд хөгжүүлж бүтээлчээр хэрэглэх нь зүйн хэрэг. Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн зүйр үг нь хүмүүжлийн зарчим бөгөөд бас хүчтэй хэрэглүүр байсаар байна. Жишээлбэл “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа”, “Зүгээр суухаар зүлгэж суу”...

Хүүхдийн хүмүүжлийг үнэлэх явдал их эмзэг боловч хэрэгтэй зүйл. Сургуулийн өмнөх 2-5 насны хүүхэд, сургуулийн бага ангийн сурагч, өсвөр насныхан ямар хүмүүжилтэй байвал зохистой болон өнөөдөр ямар байгаа зэргийг шинжлэх ухааны үндэстэй судлах том ажил бидний өмнө байна. Хамгийн гол нь үнэлгээ нь хүүхдийг айлгасан, дарамталсан зүйл байж болохгүй, үүний оронд хүүхдийг зөв, сайн хүн болгох эерэг хэрэгсэл байна.

Бидэнд боловсрол, хүний хөгжлөөрөө тэргүүлдэг орнуудын туршлагаас судлан суралцах боломж бий. Дэлхийд боловсролын чанар, үр дүнгээрээ тэргүүлдэг Финлянд улсад сургууль нь хүүхдийн хувийн онцлог чадварт тохирч ажиллах “Хүүхэд нэг бүрийн төлөө” зарчим баримталдаг, хүүхэд улс орны хаана сурч байгаагаас үл хамааран чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор төр нь бодлогоор хангадаг туршлагыг улс орнууд өргөнөөр судлах болжээ. Доктор Б.Мөнхжаргал “Финлянд боловсрол” номондоо “Финчүүд аливаа зүйлд хүлээцтэй тайван хандана. Өөрөө өөрийгөө зохицуулах, хянах хүмүүжил нэвт шингэсэн гэлтэй” гэж тэмдэглэсэн нь хүмүүжил төлөвшлийн ажлын үр дүнгийн жишээ юм. Финлянд, АНУ, Япон зэрэг оронд хүүхдийн хүмүүжил төлөвшилд нийгмийн таатай орчин бүрдүүлж хот, орон нутгийн захиргаа, сургууль, эцэг эхчүүд бүгд үүрэг хариуцлага хүлээж оролцдог, төрөөс хөтөлбөр, арга зүйгээр хангадаг байна. Хотын (орон нутгийн) захиргаанаас боломж нөхцөлөөр хангаж сургууль, хүүхдийн чөлөөт цагийн байгууллагууд, гэр бүлүүдийн хамтын ажиллагааг дэмждэг байна.

АНУ-д хүүхэд өсвөр үеийнхэнд хэвшүүлбэл зохих зан чанарын талаар олон жилийн турш судалгаа хийж тэдний төлөвшилд нөлөөлөх хувь хүний болон нийгмийн хүчин зүйлсийг тодорхойлон сургууль, орон нутагт хэрэгжүүлэх боловсрол, нийгмийн үйлчилгээнд нэвтрүүлж байгаа сайн туршлага байна. Хүүхдийг хариуцлагатай, хүмүүжилтэй хүн болгож өсгөж төлөвшүүлэхэд нөлөөлдөг хувийн хүчин зүйлс гэдэгт хүүхдэд сурч хөгжих чин эрмэлзэл төрүүлэх, эерэг үнэт зүйлс эзэмшүүлэх, нийгэмшихүйн чадварыг хөхүүлэн дэмжих, зөв төлөвшлийг бүрдүүлэхэд чиглүүлэх, насанд хүрэгчдийн үлгэрлэх үйл явц хамаардаг байна. Нийгэм, олон нийтийн хүчин зүйл гэдэгт томчууд, гэр бүлийн дэмжлэг, орон нутагт хүүхдийг хөгжүүлэх, чадваржуулах үйл ажиллагаа зохион байгуулагддаг байх, хүүхдэд итгэл найдвар хүлээлгэж дүрэм журам тогтоох, цагийг үр бүтээлтэй ашиглах боломж бүрдсэн байдал хамаардаг байна. Бусдын төлөө санаа тавьдаг, тэгш байдал, шударга ёс, үнэнч зан чанарыг эрхэмлэдэг, бусдын нөлөөнд автахгүй байх,зарчимч, хариуцлагатай байх үнэт зүйлсийг хүүхэд өсвөр үеийнхөнд төлөвшүүлэх нь хувь хүнд давуу талтай бөгөөд зөв хүмүүжил төлөвшлийн суурь болдгийг судалгаагаар тогтоожээ. Амьдрах ухааны болон эцэг эхийн боловсрол олгох, хувь хүнийг хөгжүүлэх хөтөлбөр төслүүд нь хүүхэд, гэр бүлд үйлчилгээ үзүүлэх байгууллага, сургуульд хэрэгжих бөгөөд нийгмийн ажилтан голлох үүрэг гүйцэтгэж багш, менежер, сэтгэл зүйч, хүүхдийн арга зүйчдийн ажлын уялдаа зохицуулалтыг хангаж ажилладаг байна. Монгол улс ерөнхий боловсролын сургуульд нийгмийн ажилтан ажиллуулах бодлого, арга хэмжээ нь Азийн орнуудад тэргүүн туршлага болж байгааг тэмдэглэх нь зүйтэй.  

Хөрш Орос, Хятад улсад хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн асуудлыг төрийн бодлого, үйл ажиллагаандаа чухалчлан “өв тэгш хөгжүүлэх” цогц хөтөлбөр хэрэгжүүлж байна. Орос улс хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн арвин туршлагатай бөгөөд хүүхдийн бие бялдрын, ёс суртахууны, хөдөлмөрийн зэрэг уламжлалт хүмүүжлийн чиглэл дээр санхүү эдийн засгийн, эрх зүйн хүмүүжил, сүүлийн үед шашны хүмүүжилд их анхаарах болжээ. Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг хичээл сургалт, хичээлээс гадуурх олон төрлийн үйл ажиллагаагаар хангахыг сургууль боловсролын байгууллага, багш мэргэжилтнүүд, гэр бүлийн үүрэг болгож тодорхойлсон байна. Хятад улсад “Хүүхдийн хөгжлийн үндэсний хөтөлбөр 2011-2020” бодлогын баримт бичиг баталж хүүхдийн хөгжлийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, нийгмийн орчин гэсэн дөрвөн хүрээнд үндсэн зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тодорхойлсон байна. Хүүхдийн өв тэгш хөгжлийг дээшлүүлэх, хот, хөдөөгийн хүүхдийн хөгжлийн ялгааг багасгах, хүүхдэд ээлтэй нийгмийн уур амьсгал бүрдүүлэх, ялангуяа гэр бүлийн боловсрол, үүрэг оролцоог онцолжээ.

Хүүхдийн хүмүүжил төлөвшил, нийгэмшихүйн үйл явц, үр дүнг дээшлүүлэхэд ач холбогдолтой олон улсын туршлага бол сургууль, гэр бүл, улмаар орон нутаг бүрт хүмүүжлийн эерэг аргыг нэвтрүүлэх явдал чухал. Эцэг эх, багш, ойр орчны хүмүүсийн зан чанар, харилцаа нь хүүхдэд “хүн болох” чигийг зааж, бусадтай харилцах харилцааны явцад хүүхэд “болно-болохгүй”, “зөв-буруу”, “сайн- муу”-гийн талаар ойлголттой болдог. Япон гэр бүлд үгнээс үйл хөдлөл чухал гэсэн үзэл баримтлалаар ээж, аавууд өөрийн биеэр үлгэрлэн дагуулж, үзүүлж, харуулж, мэдрүүлэх маягаар хүмүүжүүлж эцэг эхдээ хайр халамжтай, “Би бол сайн хүн” гэсэн итгэл үнэмшилтэй хүн болох эхлэлийг тавихад их анхаардаг. 5 наснаас эхлэн цэцэрлэг, сургуульд хүүхдийг бүлгийн  гишүүн байж, хамт олонтой ажиллаж, харилцаж сургахад анхаарснаар хүүхэд нийтийн эрх ашгийг хувийнхаас дээгүүр тавьж нийгмийн хариуцлагатай нийтэч үзэл санаатай иргэн болон төлөвших суурь тавигддаг байна.

Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг дэмжих үйл ажиллагаанд багш, эцэг эх, орон нутгийн иргэд, мэргэжилтнүүд, нийт насанд хүрэгчдийн хамтын ажиллагаа чухал байна. Үндэсний статистикийн хорооны “Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа”-нд нийт хүүхдийн 28,9 хувь нь ядуу өрхөд амьдардаг бөгөөд эдгээр хүүхэд ядуурлын шугамаас доогуур амьдралтай хүмүүсийн 46 хувь болж байгааг тэмдэглэсэн.  Энэ нь хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх үйл ажиллагаанд нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийг төрөөс тусгайлан анхаарч дэмжлэг үзүүлэх, эцэг эхээс гадна сургууль, төр ба төрийн бус байгууллагууд, орон нутгийн иргэд үүрэг оролцоотой байх хэрэгцээ шаардлагыг харуулж байна.

Дэлхийн 40 гаруй оронд хэрэгжиж, улам бүр өргөжиж байгаа хүүхдийн хүмүүжил төлөвшилд ач холбогдолтой туршлага бол “Аавуудын хөдөлгөөн” юм. Аавууд хүүхэд өсгөх, хүмүүжүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоны үр дүнд хүүхдийн сурлагын амжилтыг сайжруулах, хүүхдэд өөртөө итгэх итгэл төлөвших, нийгмийн харилцааны чадвар дээшлэх, хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэрэг буурах, гэр бүл, олон нийтийн дунд жендэрийн тэгш байдлыг хангах өөрчлөлт гардгийг олон оронд хийгдсэн судалгаа харуулж байна. 2007 онд манай улсад хийгдсэн “Хүүхэд хөгжил” судалгаагаар аавуудын 10-13 хувь нь хүүхдийн өсөлт хөгжилд анхаарч оролцдог үр дүн гарчээ. “Аавуудын хөдөлгөөн”-ий туршлага нь хүүхдийн хүмүүжил төлөвшлийн үйл ажиллагаанд гэр бүлд аав, өвөө, ах нар, сургуульд эрэгтэй багш, сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх боломж шаардлага байгааг харуулж байна.

Холбогдох бодлого, судалгаанаас үзэхэд хүүхдийн хүмүүжил төлөвшлийг хангахад эцэг эх, сургууль, багш нар голлох үүрэгтэй. Эцэг эхчүүдээс авсан судалгаагаар хүүхдийнхээ өсөлт хөгжил, хүмүүжлийн талаар мэдээллийг багшаас 88,7-90,6 хувь, орчноос 7,3-8,1 хувь, бусад эх үүсвэрээс 2,1-3,2 хувь авдаг гэсэн нь эцэг эхийн боловсролыг дээшлүүлэхэд сургууль, багш нарын нөлөөг нэмэгдүүлэх хэрэгцээ боломжийг харуулж байна. Урлаг спортоор хүүхэд өсвөр үеийнхнийг хүмүүжүүлэх үйл ажиллагааг сургуулиуд хэрэгжүүлж ирсэн. Харин хүүхдийн урлаг спортын арга хэмжээ, дугуйлан, чөлөөт цагийг өнгөрөөх үйл ажиллагаанд эцэг эх, томчуудыг татан оролцуулж хобби сонирхлыг нь дэмжиж тогтворжуулахад анхаарах нь зүйтэй.

 

Дүгнэлт

Нийгмийн тогтвортой хөгжлийн гол үр дүн бол өөрчлөгдөж буй нийгэмд дасан зохицож сурч хөдөлмөрлөж, ажиллаж амьдрах чадвартай, зөв төлөвшилтэй хүүхэд, өсвөр үеийг өсгөж хүмүүжүүлэх явдал мөн. Сургуульд хүүхдийн хүмүүжил төлөвшлийг хичээлээр болон хичээлийн бус цагаар сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэх бодит шаардлага байна. Хүүхдийн хүмүүжил төлөвшил нь нийгмийн үзэгдэл болохын хувьд аль ч улс орны нийгмийн бодлого, тодруулбал боловсрол, хүн амын хөгжлийн бодлогын асуудал байдаг бөгөөд даяаршсан дэлхий ертөнцөд харилцан ололт туршлагаасаа суралцах боломж нээлттэй байна.

Хүүхдийн хүмүүжил бол “хүүхдээр хүн хийх ухаан” гэсэн үзэл санааг үндэс болгож цааш хөгжүүлэх орчин үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан хүмүүжил төлөвшлийг тодорхойлох арга зүйг боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна. Хүүхдийн хүмүүжил төлөвшил нь цогц шинжтэй, чиглэл зорилготой, ухамсартай, бүтээлч үйл явц. Энэ нь хурууны үзүүрээр хийдэг амархан ажил биш, бас нэг удаагийн кампанит ажил  ч биш, урт удаан хугацаанд тасралтгүй үргэлжлэх, сэтгэл зүтгэл шаарддаг үзэгдэл бөгөөд хүүхдийг хүмүүжүүлж төлөвшүүлэх, үйл ажиллагаанд ямар нэг туйлшрал, явцуурал, улс төржилт, хэлбэрдэх явдал байж болохгүй.

Монгол улсад хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудлыг үндэсний хэмжээнд, шинжлэх ухааны үндэстэй судалж, үнэлгээ хийх хэрэгцээ их байна. Бид илтгэлдээ хүүхдийн хүмүүжил төлөвшлийн тулгамдсан асуудлыг гэр бүл, сургууль, олон нийт, нийгмийн хүрээнд тодорхойлсон. Эндээс үзэхэд эцэг, эх, асран хамгаалагчдын зүгээс хүүхдэд тавих хараа хяналт, анхаарал халамж суларсан, хүүхдийн хүмүүжилд айлган сүрдүүлэх, шийтгэх арга барилыг хэрэглэж байгаа нь тулгамдсан асуудал болж байна. Боловсролын үйлчилгээний хувьд хүүхдэд үзүүлэх хөгжлийн үйлчилгээний хүртээмж сул, хүүхдийг нийгэмшүүлэх үйл явц хангалтгүй, хичээлээс гадуурх үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Эдгээрээс гадна цахим хэрэглээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээ, мэдээллийн агуулга хүүхдийн сэтгэхүй, зан чанарт сөргөөр нөлөөлж байгаа, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлт, гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн тоо жилээс жилд өсч байгаа асуудлууд байна. Хүүхдийн хүмүүжил төлөвшилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд урьдчилан сэргийлэх хандлагад тулгуурлах шаардлага байна. Үүний тулд нэгдүгээрт системтэй мэдээлэл цуглуулах замаар хүүхдийн хүмүүжил төлөвшлийн нөхцөл байдал, мөн чанар, тулгамдсан асуудлын үр дагаврыг тодорхойлох, хоёрдугаарт хүүхдийн хүмүүжил төлөвшилд нөлөө үзүүлэх эрсдэлт болон эерэг хүчин зүйлүүдийг тодорхойлох, гуравдугаарт хөтөлбөр, арга хэмжээнд хамрагдах хүүхэд, эцэг эхчүүдийн бүлгүүдийг тодорхойлон тэдний нөхцөл байдалд нийцүүлсэн арга хэмжээнүүдийг боловсруулан үр дүнг нь үнэлэх замаар хэнд ямар арга хэмжээ үр дүнгээ өгч байна вэ гэдгийг тогтоох, дөрөвдүгээрт үр нөлөөтэй бодлого, хөтөлбөрүүдийг өргөнөөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид хүүхдийн хүмүүжил төлөвшлийн чиглэлээр арга хэмжээ, инновацийг бодлогоор дэмжих ёстой. Инноваци гэж зөвхөн цоо шинэ зүйл бий болгох тухай болон техник технологийн салбарт яригддаг зүйл биш харин энэ нь уламжлалыг шинэчилж асуудлыг өөрөөр шийдвэрлэх тухай санаачилга, хүчин чармайлт юм. Хүүхдийн төлөө хүүхэд, гэр бүлтэй хамтдаа хүүхдийн хүмүүжил төлөвшлийн холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэх инноваци, тогтвортой үйл ажиллагааг боловсролын байгууллага, сургууль, багш нар хэрэгжүүлэх хэрэгцээ, боломж байна.  

 

Санал зөвлөмж:

Бодлого боловсруулагчдад:

  • Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн нөхцөл байдал, мөн чанар, тулгамдсан асуудлын үр дагавар, нөлөөлж буй эрсдэлт болон эерэг хүчин зүйлүүдийг тодорхойлох үндэсний хэмжээний судалгаа хийх;
  • Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг хангах талаар хэрэгжүүлсэн бодлого хөтөлбөрийг үнэлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшлийн үр дүнг тодорхойлох, энэ чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих;
  • Салбарын хүрээнд хүүхдийн хүмүүжил төлөвшлийг хангах Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр зэрэг бодлого, эрх зүйн хэрэгжилтийг хангах цогц стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг шат шатандаа боловсруулж, уялдаа зохицуулалт хийх, хүүхдийн эрхэд суурилсан байдлаар хэрэгжиж байгаа эсэхэд хяналт шинжилгээ үнэлгээ хийх; 
  • Боловсролын тухай хуульд хүүхдийн хүмүүжил нь бүх нийтийн үйл хэрэг гэж тусгах, хүүхдийн хүмүүжил төлөвшлийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд салбар хоорондын түншлэлийг бий болгох;
  • Хүүхдийг хүмүүжил төлөвшил сайтай монгол хүн болгоход ач холбогдолтой төсөл хөтөлбөрийг засгийн газраас санхүүжүүлэх, хүмүүжил төлөвшлийн инновацийг бодлого арга зүйгээр дэмжих;
  • Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн талаар орчин үеийн үзэл хандлага болон хүмүүжлийн эерэг аргын талаар сургуулийн удирдлага, багш, эцэг эх, иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх, мэдээллээр хангах;
  • Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг дэмжих чиглэлээр бодитой ажлууд зохион байгуулж үр дүнтэй ажиллаж байгаа сургууль, багш, сургуулийн удирдлагыг урамшуулах тогтолцоог боловсронгуй болгох;
  • Эцэг эх,асран халамжлагч, багш нарт зориулж хүүхдийн хүмүүжил, төлөвшилтэй холбоотой ном, гарын авлага хэвлүүлэн мэдээлэл авах хүртээмжийг нэмэгдүүлэх;
  • Хүүхэд залуучуудад амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх боловсролын хөтөлбөр, үйл ажиллагааг өргөжүүлэн хэрэгжүүлэх
  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүүхдийн хүмүүжил төлөвшлийн тухай нэвтрүүлэг, мэдээллийг нэмэгдүүлэх;

 

Ерөнхий боловсролын сургууль, багш нарт:

  • Сургууль бүр хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг дэмжих тогтолцоог бий болгож сурагчдын хүмүүжил, төлөвшлийн асуудал, хэрэгцээтэй уялдуулан оновчтой бодлого хөтөлбөр боловсруулж бодитоор хэрэгжүүлдэг, үр дүнг нь үнэлдэг байх;.
  • Хичээл, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж хэвших
  • Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эерэг нөлөө үзүүлж чадахуйц хичээлээс гадуурх үйл ажиллагааг тогтмол, системтэй, тасралтгүй хэрэгжүүлдэг байх
  • ЕБС-д судалдаг хичээлийн агуулга, арга зүйд хүмүүжил төлөвшлийн асуудлыг тусгах
  • Хичээл, хичээлээс гадуур зохиох ажлаар дамжуулан хүүхдэд амьдрах ухааны чадваруудыг эзэмшихэд нь туслах
  • Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг дэмжих үйл ажиллагаанд сургуулийн багш удирдлага, бусад ажилтан, ажиллагсдын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах
  • Монгол ухаан, соёл, уламжлал, үнэт зүйлийг хүүхэд бүр мэддэг, дээдэлдэг болоход нь тусалж дэмжих арга хэмжээ авах, тогтвортой хэрэгжүүлэх
  • Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд чиглэсэн сургуулийн нийгмийн ажлын үйлчилгээг сайжруулах, дэмжих
  • Бага, дунд ангийн багш нарт хүүхдийн хүмүүжлийн талаарх мэдлэг, хандлага, арга барилаа сайжруулахад туслах ажил зохион байгуулах
  • Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн талаар эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, судлаачид нэгдмэл ойлголттой болох
  • Багш нарын ажлын ачааллыг бууруулах, сургалтын таатай орчныг бүрдүүлэх замаар хүүхдийн хүмүүжил төлөвшлийг сайжруулах
  • Эцэг эхийн боловсролын хөтөлбөрийг боловсруулж гэр бүл, хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглэсэн нийгмийн үйлчилгээнд нэвтрүүлэх;
  • Хүмүүжил төлөвшлийн инновацийг бодлого арга зүйгээр дэмжих;
  • Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг дэмжих үйл ажиллагаанд сургууль-гэр бүл- орон нутгийн холбоо, хамтын ажиллагааг дээшлүүлэх;
  • Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг хангах урлаг, уран сайхан, биеийн тамир, шинжлэх ухаан танин мэдэхүйн дугуйлан секц хичээллүүлэх үйл ажиллагааг сайжруулах
  • Сургуулийн багш, ажилтан, ажилчид хүүхдэд зөв үлгэр дуурайл үзүүлэх
  • Сургуулийн удирдах ажилтан, багш нарын зүгээс хүүхдэд тавьж байгаа шаардлага, өгч байгаа үүрэг даалгавар нь хүүхдийн эрхийг зөрчихгүй байх
  • Эцэг эх, багш нарт зориулан хүүхдийн хүмүүжлийн тухай ном гарын авлага бичиж хэвлүүлэх, хүртээл болгох

 

 
Ирсэн саналууд
Санал бичих

Зөвлөмжүүд