Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл

Илтгэлийн дэлгэрэнгүй Илтгэл татах

СУРГУУЛИЙН ОРЧИН ДАХЬ ХҮҮХДИЙН ЭРХ,

ХАМГААЛАЛ

 

НЭГ. ХАМГААЛАЛ – ЭРХ ЗҮЙН ОРЧИН

Хүүхэд хамгааллын тухай ойлголтын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай конвенц болон Монгол Улсын нэгдэн орсон бусад холбогдох олон улсын гэрээ, конвенц, мөн түүнчлэн үндэсний хууль тогтоомжоор 18 нас хүрээгүй хүн бүрт олгогдсон хамгаалуулах эрхийг хангах асуудлыг авч үзнэ.

Сүүлийн жилүүдэд хүүхдийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хэд хэдэн хууль батлагдан хэрэгжиж эхлээд байна. Тухайлбал, Улсын Их Хурлаас  2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг баталсан. Мөн  2015 онд шинэчлэн баталсан Эрүүгийн хуульд хүүхдийн эсрэг гэмт хэргийг бие даасан бүлэг болгон, 2016 онд шинэчлэн баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах, хүүхдийг тусгай хамгаалалтаар хангах зохицуулалтуудыг тус тус хуульчилсан. Эрх зүйн шинэчлэлийн дүнд хүүхдийг нийгмийн бүх орчинд хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах байдлаас ангид байлгах, тэдний хамгаалагдах эрхийг хуулиар баталгаажуулснаар манай улс хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүх орчинд хуулиар хориглосон дэлхийн 49 дэх орон болсон.

 

  • Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллагын бүрэн эрхийг тодорхойлж, хүүхдийн эрхийг хангах тогтолцоог бий болгох, хүүхдийн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг тодорхойлсон;
  • Хүүхэд хамгааллын хуулиар хүүхэд хамгааллын үндсэн тогтолцоо, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан;
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд боловсролын салбарын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиг үүргийг тодорхойлж, хүүхдэд  зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадварыг олгох агуулгыг хөтөлбөр, стандартад тусгах талаар заасан.  

Өнөөгийн нөхцөл байдал:

  • Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхэд алга болсон, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн, мансууруулах бодист донтсон, хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл нийгмийн цахим сүлжээгээр цацагдах боллоо. Энэ нь аливаа болзошгүй эрсдэлд хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах талаар эцэг эх, асран хамгаалагч, боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан хүлээсэн үүрэгтээ онцгой анхаарал хандуулах шаардлагатай болохыг харуулж байна.
  • Монгол Улсын ерөнхий прокурорын газраас зохион байгуулсан “Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдол”-ын шалтгаан нөхцөлийг тодорхойлсон судалгаагаар өсвөр насны хүүхэд, залуучуудын дундах амиа хорлох тохиолдол өсөх хандлагатай байгааг гаргасан.
  • Хүүхдүүд интернет ашиглах боломж нэмэгдэхийн хэрээр цахим орчин дахь доромжлол, сэтгэл санааны болон бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгт өртөх эрсдэл нэмэгдэж байна.
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд 2017.01.01-нээс 2017.10.01-нийг хүртэл хугацаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчин дахь хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой дуудлага 650 гаруй ирсэн байна.
  • Улсын хэмжээнд зам тээврийн ослоор 2016 онд 48 хүүхэд нас барсан бол 2017 оны 10 сарын байдлаар 56 хүүхэд нас барсан байна. Үүний 48 нь орон нутагт хохирсон байна. 2017 онд 164 хүүхэд зам тээврийн осолд өртөж гэмтсэн бөгөөд үүний 98 нь хотод өртсөн байна.

 

ХОЁР. АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ

  1. Дүрэм, журам, эрхзүйн орчныг сайжруулах хүрээнд:

Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангахад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам  холбогдох хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бусад салбарын оролцоотойгоор бэхжүүлж, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр” Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлагдаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлуулахаар ажиллаж байна.

Түүнчлэн “Боловсролын орчин дах хүүхэд хамгаалал”, “Боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх журам”-ын төслийг тус тус боловсруулаад иргэд, олон нийтийн саналыг авч сайжруулах түвшинд ажиллаж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 6-18 насны хүүхдүүд жилийн 224-245 хоногийн хугацаанд буюу 9 сар эцэг эх, гэр бүлээсээ хол сургуулийн дотуур байранд амьдарч,  боловсрол эзэмшдэг. Дотуур байранд амьдарч байгаа хүүхэд аливаа дарамтад өртөхгүй хамгаалагдсан орчинд тав тухтай байх ёстой. Дотуур байрны материаллаг нөхцөлийг хүүхдэд аюул учруулахгүйгээр бүрдүүлэхэд тодорхой үр дүнд бид хүрсэн хэдий ч сэтгэлзүйн таатай орчин бүрдүүлэх, хүүхэд-хүүхэд, хүүхэд-багш, хүүхэд-дотуур байрны ажилчин гэсэн харилцааны эерэг орчныг бүрдүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байна.

Эдгээр арга хэмжээ, үйл ажиллагаа нь сургалтын байгууллагын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, багш, сурагчид, эцэг эхчүүдийн хамтын үйл ажиллагааг өрнүүлэх, нийгмийн харилцаанд эерэг хандлагыг хэвшүүлэх, сэтгэлзүйн таатай уур амьсгал бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

 

Дотуур байрны хүүхдийн хөгжил, хамгааллын асуудалд төрөөс онцгойлон анхаарч БСШУС-ын сайдын 2016 оны  А/168 дугаар тушаалаар “Дотуур байрын багшийн хөтлөх дэвтэр”, “Дотуур байрын хүүхэд хамгаалал, ажлын төлөвлөгөөний чиглэл”-ийг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд дотуур байранд зохион байгуулах хүүхдийн эрх, хамгааллын сургалт, хувийн чадвар хөгжүүлэх, эрүүл мэндийн болон бусад сургалтуудыг дотуур байрын хүүхдүүдэд явуулах, хичээлээс гадуурх үйл ажиллагааны хөтөлбөр зэргийг календарчлан багтааж, шаардлагатай санхүүжилтыг шийдвэрлэсэн юм.

Мөн Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 513 дотуур байрны 74.6 хувийг хамруулан “Сургуулийн дотуур байрын орчин нөхцөл, хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал” судалгааг 2017 онд Монгол Улсын Боловсролын их сургуультай хамтран зохион байгууллаа. Судалгаагаар дотуур байрын орчин, хүний нөөцийн чадавхи, сурагчдад чиглэсэн хүүхдийн хөгжлийн үйлчилгээ, дотуур байран дахь хүүхэд хамгааллын орчин, дотуур байрны хамтын ажиллагаа, дотуур байранд асрагч багш ажиллуулах хэрэгцээ, шаардлага зэрэг асуудлын өнөөгийн байдлыг тодорхойлж, санал, дүгнэлт гаргасан.

Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын багш, нийгмийн ажилтан, захирал, төрийн болон төрийн бус байгууллагын нийт 180 гаруй төлөөлөгч оролцсон “Дотуур байр-Хүүхдийн хөгжлийн орчин” сэдэвт Үндэсний зөвлөгөөнийг НҮБ-ын Хүүхдийн сан, Японы хүүхдийн ивээх сан, Норвегийн тусламжийн байгууллагатай  хамтран зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын өнөөгийн нөхцөл байдал, дотуур байранд хүүхдийн сурч хөгжих таатай орчин нөхцөл бүрдүүлж буй туршлагатай танилцаж цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, хамтын ажиллагааны хүрээг тодорхойлж, нэн тэргүүнд хийх ажлын чиглэлээр Зөвлөмж гаргаж Аймаг, нийслэлийн боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлээд байна. 

Мөн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын орчин нөхцөл, хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдлыг судалсан судалгааны үр дүн, “Дотуур байр-Хүүхдийн хөгжлийн орчин” үндэсний зөвлөлгөөнөөс гаргасан зөвлөмжийг  үндэслэн "Дотуур байрын орчин, үйлчилгээг сайжруулах дунд хугацааны төлөвлөгөө"-г боловсруулж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 426 тоот тушаалаар батлууллаа.

  1. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах хүрээнд:

Улсын хэмжээнд зам тээврийн ослоор 2016 онд 48 хүүхэд нас барсан бол 2017 оны 10 сарын байдлаар 56 хүүхэд нас барсан байна. Үүүний 48 хүүхэд нь орон нутагт хохирсон байна. 2017 онд 164 хүүхэд зам тээврийн осолд өртөж гэмтсэн бөгөөд үүний 98 нь хотод өртсөн байна. Үүний шалтгаан нь:   

  • Сургууль орчмын бүс нь “сургуулийн бүс-техникийн ерөнхий шаардлага” стандартыг хангахгүй, сургууль, цэцэрлэгийн орчмын зам нь хүүхдийг хөдөлгөөнд аюулгүй оролцуулах нөхцөл бүрдээгүй
  • Харгалзах хүнгүй ганцаараа замын хөдөлгөөнд оролцсоноос /эцэг эх, асран хамгаалагчийн анхаарал, хариуцлагагүй байдал/
  • Жолоочийн буруутай байдал зэргээс шалтгаалж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “...аюулгүй байдлын сургалтыг нэвтрүүлж, хүүхдийг эрсдэлгүй, осол эндэлгүй, аюулгүй амьдрах чадварт сургана”, “...цэцэрлэг, сургуулийн орчин гэрэлтүүлэг, гарц, гэрлэн дохио, камер, автомашины хурд сааруулагчтай болгоно” зорилтууд тусгагдсан бөгөөд бид өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж “Сургуулийн бүс, техникийн ерөнхий шаардлага”-ын хэрэгжилтийн байдалд Замын Цагдаагийн албатай хамтарч судалгаа хийж, судалгааны үр дүнд үндэслэн “Сургуулийн аюулгүй орчныг бүрдүүлэх дунд хугацааны төлөвлөгөө”-ний төслийг боловсрууллаа.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн аюулгүй орчныг нэн тэргүүнд сайжруулах шаардлагатай 50 сургуулийн жагсаалт гарган 850 сая төгрөгийн хөрөнгөөр                         16 сургуулийн орчныг гэрэлтүүлэг, гарц, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч, туузан хашлага, LED самбартай болгож, сурагчдын зам тээврийн осолд өртөх эрсдлийг бууруулж ажиллалаа.

“Сургуулийн аюулгүй орчныг бүрдүүлэх дунд хугацааны төлөвлөгөө”- ний дагуу 2018 онд 16 сургуулийн орчны замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, хүүхдүүд холоос сургуульдаа ирж, буцах замдаа зам тээврийн осол, гэмтэлд өртөж байгаа тул аюулгүй зорчуулах хүрээнд сургуулийн автобусны тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Сурагчдыг зам, тээврийн болон бусад болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сургуулийг аюулгүй бүс болгох хүрээнд стандарт шаардлагын хэрэгжилтийг хангахад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар БСШУС-ын сайдаас жил бүр Аймаг, нийслэлийн засаг даргатай байгуулах үр дүнгийн гэрээнд тусгайлсан заалтуудыг орууллаа.

            НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах сургагч багш”-аар бэлтгэх ажлыг зохион байгуулна.

ГУРАВ. ЦААШИД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ШИЙДЭХ АСУУДАЛ

Хүүхдийн эрх, хамгааллын асуудлаарх хууль, эрх зүйн орчин сайжирч, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, тодорхой үр дүн гарч байгаа хэдий ч тулгамдаж байгаа шийдвэрлэх асуудал байсаар байна. Үүнд:

  • Хүүхдийг сайн дурын үйл ажиллагаа, тусламжийн ажил, орон нутаг судлал, урлаг, спорт, танин мэдэхүйн ач холбогдолтой нийгмийн ажилд оролцох дур сонирхолтой болгох;
  • Үндэсний эрхэмлэх зүйлд хүндэтгэлтэй хандах, тэдэнд эх оронч үндэсний үзэл,  хүмүүжил төлөвшүүлэх;
  • Эх орны болон сонгодог, дэлхийн өндөр түвшний уран зохиол, урлагийн бүтээлд хүүхдийг хандуулах, гэр бүлд зориулсан хүүхдийн уран зохиолын үнэ цэнийг нэмэгдүүлэх;
  • Хүүхдэд амьдралын зөв зүг чигээ олох, төлөвлөлтөө хийхэд нь туслах, аливаа сэтгэл зүйн таагүй асуудал үүссэн бэрхшээлтэй нөхцөлд хэрхэн даван туулах чадварыг олгох төрөл бүрийн хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулах;
  • Хүүхдийг хөгжүүлэх, шинжлэх ухааны мэдлэгийг нэмэгдүүлэх хүрээнд өсвөр үеийг шинжлэх ухаанд дур сонирхолтой болгоход дэмжин туслах, хүүхдийн шинжлэх ухаан-техникийн бүтээлч үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих;
  • Дэлхийн болон өөрийн орны шинжлэх ухааны нээлт, тэргүүний ололт амжилтын талаарх баттай мэдээллийг хүүхэд олж авах бололцоог олгох, дэлхий ертөнц, нийгмийн өөрчлөлтийн талаарх шинжлэх ухаан-танин мэдэхүйд өсвөр үеийг сонирхолтой болгох сэдлийг нэмэгдүүлэх;
  • Өсвөр үед өөрийн эрүүл мэндэд хариуцлагатай хандах, эрүүл зөв амьдралын хэрэгцээг бий болгох;
  • Хар тамхи болон мансууруулах бодисын хамаарал, тамхидалт бусад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, аюулгүй амьдралын соёлыг хөгжүүлэх;
  • Нийгмийн буруу зан үйлээс урьдчилан сэргийлэхэд спортын үйл ажиллагааны боломжуудыг ашиглах;
  • Нийтийн биеийн тамирын арга хэмжээ явуулах түүнд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжин туслах;
  • Түүнчлэн хүүхдэд экологийн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд болон тэдний эцэг эхэд дэлхий ертөнц, монгол орны байгалийн баялаг, төрөлх нутгаа хайрлан хамгаалах экологийн боловсролыг хөгжүүлэх замаар хүүхдийг хөгжлийг дэмжих, зөв хүмүүжлийг төлөвшүүлэх шаардлагатай байна.

Эдгээр арга хэмжээг зохион байгуулахад эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн бүтээлч нөөц боломж, хүүхдийг хүмүүжүүлэх, хүүхдэд ёс суртахууны хүмүүжлийг төлөвшүүлэх чиглэлээр төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, хамтран үр ашигтай ажиллах, өнөөгийн нөхцөлийг сайжруулах зайлшгүй хэрэгцээ байна.

 

Ирсэн саналууд
Санал бичих

Зөвлөмжүүд