Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл

Илтгэлийн дэлгэрэнгүй Илтгэл татах

Монгол хүүхдийн хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал

 

Илтгэгч: Б.Энхбаяр

Боловсролын хүрээлэн, ХХСС

 

Өнөөгийн монгол хүүхдийн хөгжлийн онцлог, тулгамдаж буй асуудал

Хүүхдийн хөгжил гэдэг нь биемахбод, танин мэдэхүй, нийгэмшилд гарч байгаа өөрчлөлтийн цогц бөгөөд хүний насан туршид явагддаг гэж үзэх хандлага барууны улс орнуудад бий болсоор 30 гаруй жилийн нүүрийг үзжээ. Бид хүүхдийнхээ хөгжлийг бие бялдар, нийгэмшил, танин мэдэхүйн хөгжил талаас нь харж, судлах, цогцод нь хөгжүүлэх шаардлага нийгмийн институци ялангуяа боловсролын шат шатны байгууллагын бодлого, зохион байгуулалт хэрэгжилт, үнэлгээнд зүй ёсоор тавигдаж байна.

Хөгжилд баримжаалсан сургалт, төлөвшил, хүмүүжлийн технологи арга барилаар ажилласнаар боловсролын эрхэм зорилгод баримжаалан иргэн хүнийг нийгэмд бэлтгэн гаргах үндэс болно.

Хүүхэд, залуучуудын хөгжлийн өнөөгийн дүр байдлыг судлан тодруулсны үндсэн дээр хэнийг, хэрхэн сургаж хүмүүжүүлэх вэ гэсэн асуултад судалгаа шинжилгээний үндэстэй хариулах нэгэн боломжийг бид бүрдүүлэв.

ЕБС-ийн насны хүүхдийн хөгжлийн өнөөгийн байдал, онцлогийг судалсан судалгааны үр дүнгээс та бүхэнтэй хуваалцаж байна.

Бие бялдрын хөгжлийн хувьд, монгол хүүхдийн бие бялдлын хөгжил физиологийн зүй тогтолоороо явагдаж байна. Биеийн өндөр 10-12 насанд хөвгүүдээс охид илүү өндөр, 14 наснаас хөвгүүд охидоос харьцангуй өндөр болж эхэлсэн байна. Охидын өндөр 14, хөвгүүдийн өндөр 16 наснаас тус тус саарч байгаа тул тэдний өсөлтийг дэмжсэн дасгал, хөдөлгөөн хичээл болон хичээлээс гадуурх ажилд тусгах, гэр бүлийн орчинд эцэг  эхчүүд хоол тэжээл, спортоор хичээллэх дадалтай болгоход анхаарах хэрэгцээ байна.

Биеийн жингийн индексээр хүүхдүүд хэвийн жинтэй гэхдээ охидын биеийн жин 11-14 насанд хөвгүүдийнх 13-15 насанд нэмэгдэж, 17 настай охид таргалалттай байна.

Орон нутгийн хүүхдүүд хотын хүүхдүүдээс биеийн жин багатай, сургуульд сурч буй хүүхдүүд сургуулийн гадна байгаа хүүхдүүдээс мөн биеийн жин багатай, өндөр байна.  

Хурдны чанарын хувьд 12 наснаас эхлэн хүүхдүүдийн хурд саарч эхэлж байна. 15-17 насанд хөвгүүдийн хурд нэмэгдэж байна. Нийт насанд хөвгүүдийн хурд илүү байлаа.

Хүчний чанар нь хөвгүүдийн нас нэмэгдэхэд сайжирсан бол охидын хүчний чанар өсөхгүй байгаа нь харагдлаа.

Тэсвэрт чанарын дундаж үзүүлэлтээр 6-11 насанд хүүхдүүд бараг адил үзүүлэлттэй байна, 15-17 насанд охид хөвгүүдийн тэсвэрт чанар буурсан үзүүлэлттэй тул тэсвэрт чанар буурахад нөлөөлж байгаа хүчин зүйлийг илрүүлэн сайжруулахад анхаарал хандуулах шаардлага харагдаж байна.  

Танин мэдэхүйн хөгжлийн хувьд 6-17 насанд хүүхдүүдийн танин мэдэхүйн процессын хөгжил нь хэл ярианы хөгжлөөсөө сул байна. Нийт насанд мэдээллийг сонсох, утгачлан  тогтоох, зүй тогтолт харьцааг олох математик үйлдлийг гүйцэтгэх нь сайн, харин анхаарлаа төвлөрүүлэх, хурдан хугацаанд юмсыг ажиглах, мэдээллийг харж тогтоох нь сул байна. Юмсыг гадаад харагдаж байгаа шинж төрхөөр нь харьцуулах нь сайн, харин дотоод мөн чанар, учир шалтгааныг таньж харьцуулах чадвар сул байна.  Ялангуяа сэтгэхүйн харьцуулалтын энэ чадвар ахлах ангийн хүүхдүүдийн танин мэдэхүйн гол үйлдэл байх ёстой атал сул байна. Харин 6 настай хүүхдүүдийн бодит дүрслэлийн сэтгэхүй сул буюу энгийн дүрсийг шугамын дагуу зурах, дүрсийн холбоосыг дууриан  зурах чадвар хангалтгүй байна.

Мэдээллийг хүртэж хүлээж авах, боловсруулахдаа хүүхдүүд анхаарлаа төвлөрүүлэн нарийвчлан мэдээлэл болгоныг бус харин ерөнхийд нь хүртдэг ерөнхий хандлага ажиглагдаж байна.

 Ярих чадварын хувьд, 9 нас хүртлээ санаагаа тоочин илэрхийлж, 10 наснаас эхлэн дүгнэж ярих нь сайжирсан байна. 6-17 насныхан гол төлөв энгийн өгүүлбэрээр санаагаа илэрхийлдэг, нийлмэл өгүүлбэр хэрэглэх нь бага байна.  Санаагаа илэрхийлэх үгийн тоо нь дунджаар 3 минутад 20 байсан бол нас нэмэгдэх тусам үгийн тоо өсөж, ахлах ангид дунджаар 30 орчим үг ашиглав.

Нийгэмшлийн хувьд, 6-17 насны хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь эерэг, өсвөр наснаас айдас бий болж, эцэг эх хүүхдийн дотно харилцаа, хэм хэмжээг баримтлах, өөрийн зан төлөвөө удирдан чиглүүлэх  нь буурсан байна. Ахлах ангийн хүүхдүүдэд сэтгэлийн хөдөлгөөнөө ойлгох, удирдах чадвар сул байна. Бусдыг хүлээн зөвшөөрөх чадвар нь бага боловсролын түвшинд өндөр, суурь боловсролын түвшингээс эхлэн буурсан нь тэдний бусдын санаа бодол, үйлд хөдлөлд шүүмжлэлтэй хандлага нэмэгдэж буйг илэрхийлнэ.

Хүүхдийн хөгжил нөлөөлж буй хүчин зүйлийн тухайд:

  • Эцгийн боловсрол, ажил эрхлэлт, өрхийн орлого нь анхаарал, сэтгэхүйн хөгжилд нөлөөлсөн.
  • Багш болон найз нөхөдтэйгээ нээлттэй идэвхтэй харилцаатай хүүхдүүдийн анхаарлын төвлөрөл, ой тогтоолт, үгийн эзэмшилт сайн,  дүгнэж ярих чадвар сайн мөн байна.
  • Сургуулиас зохиосон ажилд идэвхтэй оролцдог хүүхдүүдийн сэтгэхүйн хөгжил оролцдоггүй хүүхдүүдийнхээс сайн байна.
  • Гэрийн даалгавраа бие даан хийдэг хүүхдүүдийн анхаарлын төвлөрөл, үгийн утгын эзэмшилт сайн байна.
  • Хотын хүүхдүүдийн анхаарлын төвлөрөл орон нутгийн хүүхдүүдийнхээс сайн байна. Мөн 11-14 настай хүүхдүүдийн үгийн утга эзэмшилт орон нутгийн хүүхдүүдийнхээс сайн байна.
  • Гэртээ болон өвөө эмээгийндээ амьдардаг хүүхдүүдийн нийгмийн хэм хэмжээг дагаж мөрдөх чадвар хамаатныдаа болон дотуур байранд амьдардаг хүүхдүүдийнхээс сайн байна.
  • Сургууль гэрийн зай хол байх тусам нийгмийн хэм хэмжээг дагаж мөрдөх чадвар сайн байна.
  • Спортоор хичээллэдэггүй хүүхдүүдийн олон нийтийн газар биеэ авч явах чадвар нь  спортоор хичээллэдэг хүүхдүүдийнхээс сул байна.
  • Эрт унтах нь өөртөө итгэх итгэл сайн, идэвхтэй зантай, дасан зохицох чадвар сайн, эцэг эхтэйгээ дотно харилцаатай, сэтгэлийн хөдөлгөөний чадвар нь сайн байна.
  • Түрээсийн байранд амьдардаг хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл сул байна.
  • Сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан эсэх нь хүүхдийн бие бялдар, танин мэдэхүйн хөгжилд нөлөөлсөн байна.  

 

Асуудлыг шийдвэрлэхэд баримтлах зарчим

  1. Хүүхэд бүр танин мэдэхүй, нийгэмшил, бие бялдрын хувьд цогц хөгжих боломжтой байх,
  2. Сургалт, хүмүүжлийн ажлыг хүүхдийн хөгжлийн онцлогт тулгуурлан хэрэгжүүлэх,
  3. Хүүхэд бүрт тэгш боломж олгох, ялгаварлахгүй байх,
  4. Хүүхэд бүрийн оролцоог тэдний онцлогт тулгуурлан хангах,
  5. Гэр бүл, сургуулийн орчинд хүүхэд хөгжих таатай нөхцлийг бүрдүүлэх.

 

Шийдвэрлэх асуудал

Бодлогын түвшинд:

  1. Монгол хүүхдийн хөгжлийн судалгааг 3 жилийн давтамжтай 3-аас цөөнгүй удаа хийх шаардлагатайг анхаарч, эн тэргүүний ач холбогдол өгч дэмжих,
  2. Монгол хүүхдийн хөгжлийн судалгааг хийх үндэсний хүний нөөцийг бэхжүүлэх, хөгжүүлэхэд тогтмол дэмжих,
  3. Бүх шатны боловсролын байгууллагын мэргэжилтэн, аргазүйчид үйл ажиллагаандаа хүүхдийн хөгжлийн онцлогийг харгалзах чиглэлийг тодорхой болгох,
  4. Аймаг, нийслэл, дүүрэг, сургуулийн түвшинд хүүхдийн хөгжлийг оношлох цахим хувилбарыг ашиглах техник хангамж болон хүний нөөцийг бэхжүүлэхэд бодлогоор дэмжих.

 

Үндэсний байгууллагуудын түвшинд:

  1. Орон нутаг, сургууль өөрийн онцлогийг тусгасан бодлогоо хэрэгжүүлэхэд нь хүүхдийн хөгжлийн онцлогт тулгуурлах талаар мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлэх,
  2. Багш боловсролын хөтөлбөрт хүүхдийн хөгжил, насзүйн сэтгэл судлал, хөгжлийн оношлогооны аргазүй, хөгжлийн онцлогт суурилсан сургалтын аргазүйн агуулгыг бүтээлчээр тусгах, энэ чиглэлийн сургалтын чанарыг цаг алдалгүй сайжруулах,
  3. Сургалтын хөтөлбөр, сурах бичгийн чанарт тухайн насны хүүхдийн хөгжлийн онцлогийн талаас нь судлан шинжилж, сайжруулах арга замыг тодорхойлох,
  4. Сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулагчдыг сонгох, ажлын явцад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэхдээ хүүхдийн хөгжлийн онцлогийн талаар мэдлэг, ойлголтыг дэмжих.
  5. Хүүхэд бүр сургуулийн өмнөх боловсролд хамрагдах нөхцлийг бүрдүүлэх.

 

Сургуулийн түвшинд:

  1. Бие бялдрын тэсвэрийн чанар нь хүүхдийн танин мэдэхүй нийгэмшлийн хөгжилтэй холбоотой байгаа тул сургуулийн биеийн тамирын гадаад талбайг стандартын хэмжээнд байгуулах, энэ талбайг алдахгүй байхад удирдах байгууллагуудтай хамтран ажиллах.
  2. Сургуулиас зохион байгуулдаг аливаа ажилд хүүхдийн оролцоог хангах нь хүүхдийн танин мэдэхүй, нийгэмшил, бие бялдрын хөгжилд чухал байгаа тул хүүхдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн олон төрөлт ажлыг тогтмол хэрэгжүүлэх.
  3. Суурь боловсролын түвшинд хүүхдийн бие бялдрын хөгжлийн өсөлт эрчимтэй байдаг тул энэ шатны биеийн тамирын хичээлийн чанарыг сайжруулах, мэргэжлийн техник хэрэгслээр хангахад онцгой анхаарах.
  4. Мөн суурь боловсролын түвшний хүүхдүүдийн сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй байгааг анхаарч энэ насны хүүхдүүдийн өөрсдийн сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх, бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгож харилцах, харилцааны үед бусдад анхааралтай хандах чадварыг дэмжин хөгжүүлэхэд багш нар, нийгмийн ажилтантай хамтран ажиллах.

 

Багшийн хувьд:

  • Сэтгэхүйн бүтээлч чанар, анхаарлын төвлөрөл, юмсын харьцаа холбоог таньж, сэтгэхүйн харьцуулах үйлдлийг хөгжүүлэхэд сургалтыг чиглүүлэх.
  • Бага боловсролын түвшинд бодит үйлдлийн сэтгэхүй, ажигч чанарыг  хөгжүүлэх, анги ахих тутам анхаарлын төвлөрөл суларч байгаа тул хүүхдүүдийг сууж сургах, тодорхой зүйлс анхаарал төвлөрүүлэх дасгал ажиллуулах,
  • Суурь боловсролын түвшинд мэдээллийг харж тогтоох чадвар болон анхаарлаа төвлөрүүлэх чадварыг хөгжүүлэх, 
  • Бүрэн дунд боловсролын түвшинд мэдээллийг утгачлан тогтоох чадвар болон сэтгэхүйн харьцуулах үйлдлийг нь хөгжүүлэх
  • Хүүхдүүдийн үгийн нөөцийн хөгжил, ялангуяа хийсвэр, салаа утгатай үг, юмсын шинж чанарыг заасан тэмдэг нэрийн утгын төлөвшил, хэрэглээг нь хөгжүүлэх хэрэгтэй.
  • Хүүхдүүд цөөн тооны үг,  өгүүлбэрээр санаагаа товчхон илэрхийлж байнгаа тул  санаагаа дэлгэрэнгүй, тодорхой, учир шалтгаан холбоо хамааралд нь илэрхийлэх чадварыг сайжруулах.
  • Багшийн сурагчдадаа хандах хандлага нь ёс суртахууны, төлөвшил, хэм хэмжээг дагах чадварт нь нөлөөлдөг тул сөрөг харьцаа хандлагаас зайлсхийх.
  • Мэдэхгүй зүйлээ багшаасаа асуух нөхцлийг бүрдүүлэх.

 

Гэр бүл, эцэг эхийн хувьд:

  • Гэр бүлийн орчинд хүмүүжих нь тэдний сэтгэлийн хөдөлгөөн, өөртөө итгэх итгэлд эерэгээр нөлөөлдөг тул  гэр бүл, ойр дотны хүмүүс хүүхдүүдтэйгээ нээлттэй, идэвхтэй харилцах,
  • Хүүхдийг эрт унтуулах,
  • Гэр бүлд таатай, дотно уур амьсгал бүрдүүлэх,
  • Хүүхдийг аль болох багаас нь тодорхой зүйлд төвлөрч, гүйцэтгүүлж сургах,
  • Сургуулиас зохион байгуулж буй ажлуудад оролцоход нь хүүхдээ дэмжих,
  • Спортын дугуйлан, секцэд хүүхдээ хамруулах,
  • Үе тэнгийнхэн, найз нөхөдтэйгээ харилцах харилцааг нь дэмжих.
  • Хүүхэд санаагаа бүтэн өгүүлбэрээр, гүйцэд илэрхийлэх чадварыг нь дэмжих,
  • Хүүхдийг тэсвэр тэвчээртэй занд сургах.
Ирсэн саналууд
Санал бичих

Зөвлөмжүүд