Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл

Илтгэлийн дэлгэрэнгүй

 Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний шинэчлэлийн бодлого  

 

“Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” Улсын зөвлөгөөн

“Сургалтын чанар, үнэлгээ” салбар хуралдаанд

 

Сурах бичиг нь ЕБС-ийн хичээл, сургалтын үндсэн хэрэглэгдэхүүний нэг учир төр засгаас анхаарч, түүнийг нийгмийн өөрчлөлт, боловсролын хөгжлийг даган байнга шинэчлэн сайжруулсаар иржээ. Судлаачид сурах бичгийг олон янзаар тодорхойлсон байдаг. “Сурах бичиг нь боловсролын стандарт ба киррикюлимийг хэрэгжүүлэх зориулалттай суралцахуй ба багшлахуйн нэгдлийг хангахад шаардлагатай онол, арга зүйн үндэс бүхий дидактик шийдлийг цогцоор хэлбэржүүлсэн сургалтын үндсэн хэрэглэгдэхүүн юм.[1]” гэж БДБ-ын хэвлэмэл сурах бичигт тавих шаардлагад тодорхойлсон байна.

Сурах бичгийн хөгжлийн түүх. Манай улсад анх 1949 онд Монгол бичгээр хэвлэгдсэн сурах бичгийг кирилл бичигт хөрвүүлэн, ЗХУ-д хэвлэж ашиглаж байв. 1950-аад оноос эхлэн ЗХУ-ын ерөнхий боловсролын сургуулийн математик, физик, хими, ургамал судлал, амьтан судлал, түүх, газарзүйн сурах бичгүүдийг орчуулан хэрэглэж эхэлсэн нь сурагчдад тухайн шинжлэх ухааны агуулгыг эх хэл дээрээ судлах боломжийг олгохын зэрэгцээ ерөнхий боловсролын түвшин бүрийн агуулгын хүрээг тодорхойлоход тус дөхөм болжээ. 1960-аад оны эхнээс бага, дунд сургуулийн сурах бичгийг өөрсдөө бие даан зохиох болсон нь манай улсын боловсролд гарсан томоохон дэвшил байв.  

Гэсэн хэдий ч үндэсний зохиогчдын зохиосон сурах бичигт хөрш орны сурах бичгийн агуулга, зохиомжийг хуулбарлах, тухайн цаг үеийн нам, төрийн бодлого, шийдвэрийг тусгах хандлага давамгайлах хандлагатай байжээ. Ийм учраас үндэсний зохиогчид өөрийн орны онцлог, байгаль цаг уурын нөхцөл, хүмүүсийн ажил, хөдөлмөрийн хуваарилалт, зан заншил, түүх соёлын үнэт зүйлсийг тусгаж, сурах бичгийн агуулгыг сайжруулах талаар ярьж эхэлсэн.

1990-ээд оноос эхлэн нийгмийн өөрчлөлттэй холбоотойгоор сурах бичигт дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг баримжаалан үндэсний түүх, соёлын үнэт зүйлсийг тусгах, түүнийг сурагчдын хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн зохиох зайлшгүй шаардлага тулгарч байв. Зах зээлийн эдийн засагт шилжиж буй шилжилтийн үед хэвлэх цаас, бусад бараа материалын хомсдол, үнийн өсөлт зэргээс үүдэн ЕБС-ийн сурах бичгийг шинэчлэх ажил зогсонги байдалд орж, сурагчдыг сурах бичгээр хангаж чадахгүйд хүрч байлаа. Агуулга, арга зүйг нь шинэчлэх шаардлагатай түүх, нийгмийн ухаан, цоо шинээр боловсруулах шаардлагатай англи хэлний сургалтууд 1990 оноос хойш 5-6 жилийн хугацаанд сурах бичиггүй явагдаж байсан байна.

Сурах бичиг хангамжийн талаар баримтлах чиглэлийг 1998, 2000 онд 2 удаа баталж, сурах бичгийг сурах бичгийг хувилбартай болгон сургууль багш нарт сонгох боломж бүрдүүлэх, хэвлэн нийтлэлийн газрыг бий болгох, сурах бичиг хэвлэх ажиллагааг нээлттэй болгон өрсөлдүүлэх, сурах бичгийн агуулга, арга зүйг боловсронгуй болгох бодлого баримтлахаар тодорхойлсон байна[2].

2004 онд сурах бичигт тавих шаардлагыг анх удаа стандартчилсан. Стандартчилал, Хэмжил зүйн Үндэсний Зөвлөлийн баталсан “Бага дунд боловсролын сурах бичигт тавих шаардлага MNS 5418:2004”-аар ЕБС-ийн сурагчдын хэрэглэх хэвлэмэл сурах бичгийг зохиох, хэвлэлийн эх бэлтгэх, хэвлэх, бэлэн болсон сурах бичигт үнэлгээ өгөхөд баримтлах нийтлэг болон тусгай шаардлагуудыг тогтоосон. Стандарт шаардлага нь сурах бичгийн чанарыг үнэлэх үндсэн хэмжүүрийг тогтоосноороо онцлогтой. 2004 оноос хэвлэлийн газар төвтэй сурах бичгийн бодлого хэрэгжиж эхэлсэн бөгөөд сурах бичгийн эх зохиох, хэвлэх, түгээх ажлуудыг хэвлэлийн газар эрхлэх болсон. Хэвлэлийн газрууд зохиогчийн баг бүрдүүлж, сурах бичгээ зохиож, сонгон шалгаруулалтад оролцох зохицуулалт хийв. Шалгарсан сурах бичигт хэвлэх эрх өгснөөр нэг ангийн 2-3 хувилбартай сурах бичгээс багш, сурагч сонголт хийж, сонгосон сурах бичгийг хэвлэн, түгээх болсон. Энэ үед сурах бичгийн агуулгын бодлого алдагдах, цаг хугацаандаа сурагчдын гарт очихгүй байх, үнэ өсөх, үнийн бодлого алдагдах, хангалт хүртээмж буурах, түүнийг хянаж чадахгүй болох зэрэг сөрөг үр дагавар үүсэн гарч байв.  

---------------------------------------------------

[1] Бага дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих шаардлага. MNS 5418:2008

[2] “Сурах бичгийн арга зүй, менежмент” судалгааны нэгдсэн байлан БСШУЯ. БХХ-2. 2004.

 

Эдгээр сөрөг үзэгдлүүдийг арилгаж, сурах бичгийн чанарыг сайжруулах, үнийг тогтворжуулах, хангалт хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор БСШУ-ны сайдын 2009 оны 131 дүгээр тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам”-ыг баталсан бөгөөд уг журмын дагуу сурах бичгийн эх зохиох, хянах, хэвлэх, түгээх ажлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохицуулалт хийх болов. Улмаар сурах бичгийн зохиогчдыг шалгаруулах урилгыг олон нийтэд нээлттэй зарлах, шалгаруулалтаар сонгох, эх зохиох, хянах, хэвлэхэд бэлэн болох бүхий л үйл ажиллагааг Боловсролын хүрээлэн мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах болсон. Ингэснээр ЕБС-ийн бүх сурагч нэг ижил сурах бичиг хэрэглэж эхэлсэн бөгөөд сурах бичгийн агуулгын ялгаатай байдал арилж, сурах бичиг цаг хугацаандаа хэрэглэгчдэд хүрч байв. Мөн сурах бичгийн үнэ буурч, үнэд хяналт тавих боломж бүрдсэн бөгөөд хангалт хүртээмжийг нэмэгдүүлэхэд дорвитой ахиц гарсан.

  • 2008-2014 онд ерөнхий боловсрол 12 жилийн тогтолцоонд шилжиж, 6 настай хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах болсонтой холбоотой сургалтын хөтөлбөрт агуулгын шилжилт, арга зүй, үнэлгээний сайжруулалт хийх хэрэгцээ шаардлагын дагуу сурах бичгийн шинэчлэл хийгдсэн. 12 жилийн үндэсний хөтөлбөрийн I-XII ангийн сурах бичгийг тодорхой графикийн[3] дагуу шинэчлэн хэвлэв. Тухайн хичээлийн жил эхлэхээс өмнө шинээр хэвлэсэн сурах бичгийг түгээдэг болсон.
  • Сурах бичгүүдийг БШУЯ-ны цахим хуудсанд байршуулж эхэлсэн.
  • 2013 оноос бүх сурах бичгийг багшийн номтой хамтад нь зохиож, хэрэглэх болсон.
  • Англи хэл, хөгжмийн сурах бичгийн нэмэлт хэрэглэгдэхүүн болох CD-г хамтад нь хэвлэв.

 

---------------------------------------------

[3] БСШУ-ны сайдын 2007 оны 461 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн сурах бичиг шинэчлэлийн график”

 

Сурах бичгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал. БШУ-ны сайдын 2013 оны А/155 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Бага дунд боловсролын шинэчлэлийн ерөнхий зураглал”-ын дагуу 2014 оноос эхлэн сургалтын цөм хөтөлбөрийн үзэл санаа, агуулга, арга зүй, үнэлгээг хэрэгжүүлэхээр сурах бичгийн шинэчлэл хийгдэж байна.

  • Одоогийн байдлаар I-V ангид 6-9 хичээлийн 33 сурах бичиг, VI-IX ангид 12-17 хичээлийн 55 сурах бичиг, X-XI ангид 15 хичээлийн 25 сурах бичиг шинээр зохиож, хэрэглэж байна. Үүний зэрэгцээ VI-IX ангид 12 жилийн үндэсний хөтөлбөрийн дагуу зохиосон 7 сурах бичиг, X-XI ангид 5 сурах бичиг, XII ангид 10 сурах бичиг хэрэглэж байна.
  • Тусгай хэрэгцээт бага боловсролын монгол хэл, математик, нийгэм ахуйн баримжаа, дүрслэх урлагийн сурах бичгийг зохиож, хэвлэснээр хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын онцлог, тэдний хэрэгцээнд нийцсэн сурах бичигтэй болсон.
  • Үндэстний цөөнх (казах хүүхэд)-ийн боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, тэдний сурч боловсрох эрхийг хангах зорилгоор Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн сурагчид эх хэлээрээ суралцаж эхлэх, казах хэл, уран зохиолын хичээлээр өөр улсын сурах бичиг хэрэглэж ирсэн уламжлалаас татгалзаж, өөрийн улсад зохиож, хэвлэсэн сурах бичгийг ашиглах бодлогын дагуу бага ангийн сурах бичгүүдийг казак, тува хэл дээр орчуулж, казах хэл, уран зохиолын сурах бичгийг зохион хэвлүүлж, сургалтад хэрэглэж байна.
  • Гадаадад суугаа монгол иргэдийн хүүхдүүдэд зориулсан монгол хэлний цахим сурах бичиг, багшийн гарын авлагыг боловсруулж байна.

            ЕБС-ийн анги бүрийн бүх судлагдахууны сурах бичгийг зохиож, хэвлэхэд 5-7 жил зарцуулдаг. Мөн тухайн жилд суралцах сурагчдын элсэлт, сурах бичгийн элэгдэл, хорогдол зэргийг тооцон нөхөн хангалтаар нэмж хэвлэдэг. Энэ нь олон нийтийн зүгээс сурах бичгийг жил болгон хэвлэж, улсын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байна гэх шүүмжлэлтэй тулгарч байна. Мөн сургалтын хөтөлбөр боловсруулах, сурах бичиг зохиох ажлыг зэрэгцүүлэн хийж байсан нь хүний нөөц, цаг хугацаа, санхүү хөрөнгийн хязгаарлагдмал байдал үүсгэж, улмаар сурах бичиг цаг хугацаандаа сурагчдын гарт очихгүй байх бэрхшээл гарч байна.   

Сурах бичигт боловсролын түвшин, анги бүрийн сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, үнэлгээний үзэл санааг сурагчдын нас, бие сэтгэхүй, танин мэдэхүйн онцлогт тохируулан боловсруулахад анхаарч байна. Сүүлийн жилүүдэд сурах бичиг нь зөвхөн мэдээллийн үндсэн эх сурвалж байдгаа больж, суралцагч төвтэй сургалтад хүүхэд өөрөө мэдлэг бүтээх, суралцахуйг хөтлөх хэрэгсэл болж байна. Энэ утгаараа сурах бичгийн арга зүйн шийдэл, дасгал, даалгаврын тавил, зураг дүрслэлийн зохиомж зэргийг тасралтгүй сайжруулсаар ирлээ. Жишээлбэл, 2006 онд хэвлэгдсэн ЕБС-ийн IV ангийн нийгмийн ухааны хичээлийн сурах бичигт “Би хэний удам бэ?” сэдвийг Чингис хааны удам, есөн үеийн нэршлийн талаарх мэдээллийг уншаад, түүний дагуу асуултад хариулахаар даалгаврыг боловсруулсан байдаг бол одоо хэрэглэж буй сурах бичигт сурагч өөрийгөө мэдэх, ойлгох суралцахуйн зорилтын хүрээнд  “Би гэр бүлийн гишүүн” сэдвийг нэгэн сурагчийн жишээгээр уншаад, өөрийн ураг, удмын талаар эргэцүүлэн бодож ярилцах, өөрийн гурван үеийн угийн бичгийг зураглах даалгавар гүйцэтгэхээр боловсруулсан нь сурагч өөрөө хийж гүйцэтгэх үйлийн явцад суралцах, хөгжих арга зүйн шийдлээр боловсруулснаараа онцлог байна.

Сурах бичигт тавигдах стандарт шаардлагыг 2008 онд шинэчлэн баталсан бөгөөд уг шаардлагын дагуу эх хянах шалгуурыг агуулга, арга зүй, үнэлгээ, дизайн, хэл найруулга гэсэн бүтэцтэйгээр боловсруулж хэрэглэж байна. Үүнийг сурах бичгийн эхийг хянах шалгуур хуудас болгон ашигладаг.

Сурах бичиг зохиох багийг нээлттэй шалгаруулалтаар сонгодог бөгөөд баг тухайн шинжлэх ухаааны чиглэлээр мэргэшсэн, заах арга зүйн чиглэлээр мэргэшсэн, сурах бичгийг ЕБС-д практикт хэрэглэдэг гишүүдтэй байх шаардлага тавьдаг. Өнөөдрийн байдлаар сурах бичгийн зохиогчдын багийн гишүүдийн 29 хувийг ЕБС-ийн багш, 33 хувийг их дээд сургуулийн багш, үлдсэн 38 хувийг бусад мэрэгжлийн байгууллага (БХ, БМДИ, НБГ, БҮТ, бусад хүрээлэн, ТББ)-ын төлөөлөл бүрдүүлж байна.  

            Гэвч сурах бичигт салаа утгатай агуулга, арга зүйн шийдэл нь ойлгомжгүй, хариу нь гарахгүй дасгал даалгавар, найруулгын болон зөв бичих дүрмийн алдаа гарах зэрэг асуудал гарч байна. Одоо хэрэглэж буй сурах бичигт тавих шаардлага, шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох хэрэгтэй байна. Одоогийн байдлаар тусгай хэрэгцээт боловсролын сурах бичигт тавих тусгай шаардлага, шалгуур байхгүй байна. Сурах бичгийн агуулга, арга зүй, үнэлгээ, даалгавар, дизайн зохиомж, багтаамж нь сургалтын хөтөлбөр, сурагчийн хэрэгцээ сонирхол, ачаалал, сурах арга барил эзэмших, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд нийцэх нийцэл болон хангалт хүртээмжийн талаар цогц судалгаа шинжилгээ хийх шаардлагатай байна.

Сурах бичгийг хүүхдийн нүдний хараа, нас бие, хөгжлийн онцлогийг тооцсон олон улсын стандартын дагуу хэвлэхэд онцгой анхаарч, шинэчилсэн технологиор хэвлэж байна. Өөрөөр хэлбэл цаас, өнгө будгийн чанарт шаардлага тавьж, шилийг нь оёх, хавтсыг нь бүрэх технологийг нэвтрүүлснээр сурагчдын гарт очих сурах бичгийн эдэлгээний чанар сайжирсан. Мөн хэвлэлийн газрын техник, технологийн хүчин чадал сайжирч, сурах бичгийг өөрийн орондоо хэвлэх бүрэн боломжтой болсон.

Сурах бичгийн жингийн асуудал нэлээд анхаарал татаж байна. Цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурагчийн үүрч буй цүнхний жин хэт их байгааг шүүмжилж, түүнийг сурах бичгийн жинтэй холбож байна. Боловсролын хүрээлэнгээс хийсэн судалгаанд сурах бичиг нь сурагчдын хичээлийн хэрэгслийн нийт жингийн 30-40 хувийг эзэлж байна гэжээ. Хүүхдийн үүрч яваа бүх ачааны жин хэд байх ёстой, одоо хэд байгааг судлаж тогтоох шаардлагатай байна. Бага ангийн сурах бичгийн жин, сурагчийн өдөрт хэрэглэх сурах бичгийн жингийн дунджийг тооцоолж, дараах хүснэгт[4]-эд үзүүлэв.

Хүснэгт 1. I-V ангид хэрэглэх багц сурах бичгийн жин /граммаар/

Нийгэм, эдийн засгийн шинэ харилцаанд шилжихээс өмнө сурах бичгийг эцэг эхчүүд худалдан авдаг байсан бол 1994 оноос сургуулийн номын сангаар дамжуулан сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглах болж, түүгээр дамжуулан сурах бичгийн хангалт хийгдэж байсан бөгөөд сурах бичиг хэрэглэсний хураамж болох 150 төгрөг төлж байв. 2005 онд сурах бичгийг эрхийн бичгээр авах түр журам гарч нэн ядуу өрхийн хүүхэд, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн бүтэн ба хагас өнчин хүүхэд эрхийн бичгээр сурах бичиг авах, энэхүү эрхийн бичигт хамрагдаагүй сурагчид сурах бичгийг худалдан авах журамд шилжсэн нь сурах бичгийг “номын сан”-гаар дамжуулан хэрэглэж байсан сурагч, эцэг эх худалдан авахад хүндрэл үүсч байв. 2006 онд ЕБС-ийн  сурагчдын дөрөвний нэг нь сурах бичгийг үнэгүй авч хэрэглэх журамд хамрагдаж байжээ.[5]

2009 онд Засгийн газрын шийдвэрээр ЕБС-ийн бага ангийн сурагчдын 100 хувь, дунд ахлах ангийн сурагчдын 40 хүртэл хувийг сургуулийн номын сангаар дамжуулан сурах бичгээр үнэ төлбөргүй хангах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Ингэснээр бага ангийн бүх хүүхэд, дунд, ахлах ангийн бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн болон 3 буюу түүнээс дээш тооны хүүхэд нь ЕБС-д суралцдаг өрхийн хүүхдийн сурах бичгийг төрөөс үнэ төлбөргүй хангах болсон. Үүний зэрэгцээ 2011 оноос ЕБС-ийн сурагчид хичээлийн жилийн эхэнд шаардлагатай багц сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан түрээсээр авч ашиглаад, хичээлийн жилийн төгсгөлд буцаан хүлээлгэж өгөх түрээсийн тогтолцоо, эргэлтийн сан хэрэгжиж эхэлсэн нь сурагчдад сурах бичгийг 2.7 дахин бага үнээр хэрэглэх боломж олгосон. Түрээсийн тогтолцоо нь сурах бичгийн хүртээмжийг сүүлийн 5 жилийн дунджаар авч үзэхэд 45 хүртэлх хувь нэмэгдүүлж байсан нь “сурах бичиггүйгээс хичээлд оролцдоггүй, гэрийн даалгавар хийдэггүй байдлыг багасгаж, сургалтын үр дүнд ахиц гарсан гэж багш нар үзсэн”[6] бөгөөд эцэг, эхэд ч сурах бичгийг нэг дороос түрээслэн авах, санхүүгийн хувьд ч хөнгөлөлт, дэмжлэг болж байлаа. Тухайлбал, 2014 онд дунд, ахлах ангийн сурагчдын 85 хүртэлх хувь сурах бичгээр хангагдаж байв.

----------------------------------------------------------

[4] Н. Хулан нар. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын цүнхний жин. Боловсрол судлал сэтгүүл. 2017/10 (138)

[5] Г. Содномваанчиг. Монголын бага дунд боловсролын сургалтын агуулгын хөгжлийн түүхэн тойм. Улаанбаатар хот. 2008 он.

[6] Боловсролын хүрээлэнгийн СБСОСС-ын 2013 оны жилийн ажлын тайлан

 

Өнөөгийн байдлаар бага ангийн бүх сурагч болох 309,355 сурагч нийт 34 нэрийн 1,906,477 ширхэг сурах бичиг, дунд ангийн 176,210 сурагчийн 37 хувь болох 65,198 сурагч нийт 62 нэрийн 996,885 ширхэг сурах бичиг, ахлах ангийн 87,187 сурагчийн 36 хувь болох 31,387 сурагч нийт 38 нэрийн 368,908 ширхэг сурах бичгийг сургуулийн номын сангаасаа үнэ төлбөргүй авч хэрэглэж байна. Нийт дүнгээр 572,752 сурагчийн  70,8 хувь болох 405,940 сурагч сургуулийн номын сангаас сурах бичиг үнэ төлбөргүй авч ашиглаж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 572,752 сурагчийг хичээл бүрээр сурах бичигтэй болгоход 5,518,159 ширхэг сурах бичиг шаардлагатай. Өнөөгийн байдлаар үүний 59 хувь буюу 3,272,170 ширхэг сурах бичгийг сургуулийн номын сангаас сурагчид үнэ төлбөргүй авч ашиглаж байна.

Сурагч нэг хичээлийн жилийн туршид хэрэглэх бүх сурах бичгийг дунджаар 38850 төгрөгөөр худалдаж байна. Нэг сурах бичгийн доод үнэ 1300, дээд үнэ 5200, дундаж үнэ 2850 төгрөг байна.

 

ЕБС-ийн анги бүрийн бүх хичээлийн сурах бичгийн үнийн дунджийг хүснэгтэд үзүүлэв.

Хүснэгт 2

 

Эцэг эхийн худалдан авах чадвар тааруу, худалдаа борлуулалтын нэгдсэн сүлжээ байхгүй, сурах бичгийн олдоц муу, нэг ангийн бүх сурах бичгийг нэг дороос авах зохицуулалт байхгүй, үнэ хөөрөгдөн зарах явдал гарч байгаа зэрэг нь сурах бичгийн хүртээмжид хүндрэл үүсгэж байна. Мөн цаг хугацаандаа хэрэглэгчдийн гарт очихгүй байх зэрэг асуудал гарч байна.

 

Шийдвэрлэх арга зам. 1. Сурах бичгийн чанарыг сайжруулахад дараах зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:

  • Сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох
  • Сурах бичигт тавих нийтлэг болон тусгай шаардлага, шалгуурыг боловсронгуй болгож, судлагдахууны онцлог, тусгай хэрэгцээт боловсролын онцлогыг тусгасан шаардлага, шалгуур үзүүлэлт боловсруулах, түүний дагуу үнэлгээ, судалгаа хийх
  • Хэрэглэж буй сурах бичигт үнэлгээ, судалгаа хийж, сайжруулах төлөвлөлт хийх
  • Сурах бичиг судлалыг хөгжүүлэх
  • Сурах бичгийн зохиогч, редакторыг чадваржуулах
  • Сурах бичгийн чанарыг сайжруулахад мэргэжлийн байгууллага (ЕБС, их дээд сургууль, БМДИ, БҮТ, Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын болон бусад хүрээлэн, Төрийн хэлний зөвлөл, ТББ, иргэн)-ын оролцоог нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалт хийх, хамтарч ажиллах
  • Сурах бичиг хэрэглэх явцад илэрч байгаа засаж сайжруулахтай холбоотой саналыг эцэг эх, багш нараас аймаг нийслэлийн БСУГ, Боловсролын хэлтэс авч Боловсролын хүрээлэнд ирүүлж байх
  • Сурах бичгийн эх бэлтгэл, хэвлэлийн чанарт тавих хяналтыг сайжруулах

2. Сурах бичгийн хангалт, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дараах зорилтыг хэрэгжүүлэх  хэрэгтэй гэж үзэж байна. Үүнд:

  • Эцэг эх, сурагчид оршин суугаа газраасаа,  нэг цэгээс хэрэгцээт бүх сурах бичгээ бодит үнээр худалдан авах боломжийг бий болгох
  • Сургуулийн удирдлага, багш, номын санч төрөөс хангаж буй сурах бичгийг зорилтот бүлэгт нь олгох, худалдаж буй сурах бичгийн талаарх мэдээллийг эцэг эхчүүдэд хүргэх, сурах бичгийн хангалтыг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагаа өрнүүлэх, сурах бичгээ татаж авах, сурагчдад олгох, буцааж авах ажлыг төвөг чирэгдэлгүй болгох
  • Аймгийн БСУГ, нийслэл дүүргийн Боловсролын хэлтэс шинээр нийлүүлсэн сурах бичгийг тооцоо, судалгаанд үндэслэн сургуулиудад хуваарилах, худалдаж буй сурах бичгийн талаарх мэдээллийг сургуулиудад цаг хугацаанд нь хүргэх, орон нутагт сурах бичиг худалдаж буй байдалд хяналт тавих, сурах бичгийн хангалтыг нэмэгдлүүлэх талаар санаачилга гарган тодорхой ажил зохион байгуулах
  • Төрийн зүгээс сурах бичиг хэвлэх, түгээх, худалдан борлуулах харилцааг зохицуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, түрээсийн тогтолцоо-эргэлтийн санг үргэлжлүүлэн ажиллуулах, сурах бичгийг цахим хэлбэрт шилжүүлж үнэ төлбөргүй ашиглах боломж бий болгох, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг МХХТ-ийн төрөл бүрийн хэрэгслээр ашиглах программ хангамжийг хөгжүүлэх, цахим сурах бичиг, нээлттэй хэрэглэгдэхүүн боловсруулах, хөгжүүлэх, хангамжийг нэмэгдүүлэхтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

 

 

Сурах бичиг, сургалтын орчны судалгааны сектор

Ирсэн саналууд
Санал бичих

Зөвлөмжүүд