Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл

Илтгэлийн дэлгэрэнгүй Илтгэл татах

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА, ШАЛГУУР

Д. Үүрийнтуяа1, Ш. Оюунцэцэг1, М. Ганбат2, Т. Ганбаатар3,

Д. Амартүвшин3, Д. Мөнхжаргал3, Х. Энхжаргал4, А. Туяа1

1Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

2Монгол Улсын Их Сургууль

3Монгол Улсын Боловсролын Их Сургууль

4Боловсролын хүрээлэн

Сургалтын хөтөлбөрийн тухайд.

Сургалтын хөтөлбөр нь боловсролын агуулга бөгөөд сургалтын зорилго, юуг мэдэх, юуг чадах, ямар арга зүйгээр суралцах, суралцах нөхцөл, сургалтын үр дүнг хэрхэн үнэлэх зэрэг цогц асуудлыг багтаасан ухагдахуун юм (Жадамба).  Сургалтын хөтөлбөр нь сургалтын зорилго, агуулга буюу заах сэдэв, тэдгээрийн дэс дарааг тогтоож өгсөн, сургууль, багш нарын өдөр тутмын үйл ажиллагааны удирдамж баримт бичиг.  Сургалтын хөтөлбөр нь зорилго (зорилт), агуулга, арга зүй (хэрэглэгдэхүүн), үнэлгээ  гэсэн үндсэн бүтэцтэй байна. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөө, сургалтын талаар баримтлах бодлогыг үндэслэн сургалтын хөтөлбөр боловсруулдаг.

 Сургалтын хөтөлбөрийн хөгжлийн түүхээс.

Боловсролын нийгэмд гүйцэтгэх үүрэг асар их. Аль ч  улсын бага, дунд сургуулийн сургалтын хөтөлбөр нь нийгэм, цаг үеийн шинэ шаардлага, иргэдийн хөгжих хэрэгцээг үндэслэдэг. Улс нийгмийн хөгжилд шинэ хэрэгцээ үүсэх бүрд сургалтын хөтөлбөрийг шинэчилж, түүнд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага гардаг.  Манай улсын хувьд орчин багийн боловсрол үүсэж бий болсон 1921 оноос хойш бага, дунд сургуулийн сургалтын хөтөлбөрийг 1934, 1945, 1955, 1963, 1972, 1985, 1998 онд шинэчилсэн нь нэг хөтөлбөрийн арваад жил орчим хэрэгжүүлж ирсэн давтамж харагдаж байна. Өөрчлөн шинэчлэх болсон гол шалтгаан нь нийгэм эдийн засгийн зорилт, ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, тогтолцооны өөрчлөлттэй холбоотой байжээ. Харин 2004 оноос цогц чадамжид суурилсан бага, дунд боловсролын стандарт, 2009 оноос 12 жилийн сургуульд мөрдөх үндэсний сургалтын хөтөлбөр, 2013 оноос сургалтын цөм хөтөлбөр хэрэгжүүлсэн нь хугацааны хувьд хэт ойрхон өөрчлөлт хийсэн онцлог харагдаж байна.

Дэлхий нийтийг хамарсан техник технологи, нийгэм эдийн засгийн хувьсал өөрчлөлтөөс хамаарч улс орон бүр боловсролын системдээ тодорхой шинэчлэл хийж байна. 2000-аад оноос “чанартай боловсрол нь улс орны хөгжлийн тулгуур, тогтвортой хөгжлийн үндэс” гэдэг үзэл баримтлалын дор дэлхийн улс орнууд боловсролын тогтолцоо, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх үйл явц өрнөж байна. Үр дүнд нь өвөрмөц онцлогтой хөтөлбөрийн загварууд бий  болж байна. Үр дүнд нь өвөрмөц онцлогтой хөтөлбөрийн загварууд бий  болж байна. Жишээ нь Финлянд, Сингапур гэх мэт.

Манай эрдэмтэн судлаачид дэлхийн улс орнуудын сургалтын хөтөлбөрийн загвар, үзэл санааг монгол үндэстний нэгдмэл эрх ашиг, соёл уламжлал, ахуй амьдрал, байгаль цаг уурын онцлогийг тусган хөгжүүлэхийг зорьж ирсэн. Манай сургалтын хөтөлбөр бүтэц, агуулгын хувьд олон улсын жишгээс дутахгүй гэж үзэж болно. Сургалтын хөтөлбөр боловсруулах, сайжруулах ажил нь байнга судалгаа шинжилгээ шаардаж байдаг, байнга сайжруулах хэрэгцээ гардаг, байнга хөгжиж байдаг “тасралтгүй үйл явц”. Гэхдээ сургалтын хөтөлбөрийг шинээр зохиодоггүй, харин судалгаа шинжилгээний үр дүнд үндэслэн өмнөх хөтөлбөрийг сайжруулан хөгжүүлдэг. 

Одоо байгаа нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал.

Манай улс өнөөдрийг хүртэл сургалтын хөтөлбөрийг хэмжих, үнэлэх тал дээр туршлага багатай хэмжих багажгүй явж иржээ. Сургалтын хөтөлбөр боловсруулж ирсэн практикаас үзэхэд сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа өмнөх сургалтын хөтөлбөрт анализ хийх, гадаадын улс орнуудын хөтөлбөрийг судалж, тэдгээртэй жишин дүйцүүлэх аргаар боловсруулж ирсэн байна. Ийм байдлаар боловсруулсан хөтөлбөр нь хөтөлбөр боловсруулахад тавигдах шаардлагыг тодорхой хэмжээнд хангаж байгаа хэдий ч хэмжих  бололцоо байхгүй. Түүнчлэн шинэ судлагдахуун, шинэ агуулга орж ирэх замаар хөтөлбөрийн хөгжлийн түвшинд шинэ хэрэгцээнүүд үүсч байна. Ийм учраас сургалтын хөтөлбөрүүдийг үнэлэх, сайжруулах, бодлогын хувьд залгамж чанартай болгох шаардлагын үүднээс сургалын хөтөлбөрт үнэлгээ хийх шалгуур боловсруулах ажил хийгдэж байна. Энэ нь манай улсын хувьд анх удаа хийгдэж байгаа төдийгүй судалгааны хувьд шинэлэг талбар юм. Хөтөлбөрийг үнэлэх шалгуурын гол зорилго бол хөтөлбөр хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, сургалтын чанар баталгаатай байх шаардлагыг хангахад оршино. Уг ажлын хүрээнд дараах 3-н шалгуурыг боловсрууллаа. Үүнд:

  1. Ерөнхий төлөв байдлын үнэлгээний шалгуур
  2. Баримт бичгийн шалгуур
  3. Хэрэгжилтийн үнэлгээний шалгуур боловсруулаад байна.

Энэ шалгуурыг боловсруулахдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр судлалын шинжлэх ухаанч зарим санаа, загвар, оролдлогуудыг судалж чухал санааг тусгалаа.

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, түүний үзэл баримтлал, зорилго зорилтод нийцэж буй байдалд ерөнхий төлөв байдлын үнэлгээний шалгуур, сургалтын хөтөлбөр нь бүх нийтээр мөрдөх боловсролын баримт бичиг гэдэг утгаар мөн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнтэй байдлыг үнэлэх зорилгоор хэрэгжилтийн үнэлгээний шалгуурыг хөтөлбөрийн хэрэглэгчидтэй хийх асуулгын хамт тус тус боловсрууллаа. Үүнээс өмнө сургалтын цөм хөтөлбөрийг бусад хөгжингүй орны хөтөлбөрт тавьдаг шаардлагын түвшинд боловсруулагдсан эсэхийг тооцох тодорхой шалгуургүйгээр ашигласаар ирсэн.

Ерөнхий төлөв байдлын үнэлгээний шалгуур: Ерөнхий төлөв байдлын үнэлгээний шалгуурын үнэлэх объектыг хөтөлбөрийн үзэл баримтлал, хөтөлбөр төлөвлөх үйл явц, хөтөлбөрийг турших сайжруулах явцыг нийт 8 шалгуур, 21 үзүүлэлтийн хамт боловсрууллаа.  Мөн хөтөлбөрийг үнэлэх шинжээчид зориулсан үзэл баримтлалын үнэлгээний хуудсыг үнэлгээг баталгаажуулах зорилгоор боловсруулсан болно.

Баримт бичгийн үнэлгээний шалгуур: Баримт бичгийн үнэлгээний шалгуурыг хөтөлбөрийн элемент бүрийг (хөтөлбөрийн хэрэгцээ, зорилго, зорилт, агуулга, арга зүй, орчин хэрэглэгдэхүүн, үнэлгээ) шалгах шалгуур, түүнийг илрүүлэх үзүүлэлтүүдийн хамтаар боловсрууллаа. Уг шалгуур нь нийт 6 үнэлэх объект, 11 шалгуур тэдгээрийг илрүүлэх 33 үзүүлэлтээс бүрдсэн шалгах хуудсаас бүрдэнэ.

Хэрэгжилтийн үнэлгээний шалгуур: Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх шалгуурыг хөтөлбөрийн хэрэглэгчид хөтөлбөртэй танилцахаас эхлээд хэрэгжүүлэх, сургалтын үр дүнг нэмэгдүүлэх хүртэлх хэрэгжилтийн цикл процессын үе шат бүрийг үнэлэх боломжтой байдлаар боловсрууллаа. Тус шалгуур нь хэрэгжилтийн үнэлгээний шалгуурын хүснэгт, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багш, сургуулийн удирдах ажилтнаас авах асуулгаас бүрдэнэ.

Эндээс харахад сургалтын хөтөлбөрийг үнэлэх, түүнийг хэмжихэд шалгуур, үзүүлэлт, бенчмарк гэсэн ойлголтууд чухал үүрэгтэй. Тухайлбал:

  • Шалгуур – Шүүн тунгаах хэм, хэмжээний тухай ойлголт
  • Үзүүлэлт – Шалгуурын нөхцөл байдлыг илэрхийлэх ойлголт 
  • Бенчмарк – Үзүүлэлтийн чанарын түвшнийг тодорхойлох ойлголт

 

Сургалтын хөтөлбөрийг үнэлэх шалгууртай болох нь дараах ач холбогдолтой. Үүнд:

 

  • Сургалтын хөтөлбөрийг  хэн нэгний дураар өөрчилдөг, субъектив нөлөөнд орох эрсдэлээс хамгаална.
  • Сургалтын хөтөлбөр нь сургалтын хэрэгцээ шаардлагыг хангаж, өөрөө байнга өөрчлөгдөх үйл явц байх нөхцөл бүрдэнэ.  
  • Сургалтын чанар баталгаатай байх шаардлагыг хангагдана

Гэхдээ энэ ажилтай холбоотой сургалтын хөтөлбөрийг дахин өөрчлөхгүй. Гол үр дагавар нь сургалтын чанар баталгаатай байх нөхцөлийг зааж байгаа юм.

 

 

Ирсэн саналууд
Санал бичих

Зөвлөмжүүд