Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл

Илтгэлийн дэлгэрэнгүй Илтгэл татах

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ

Илтгэгчид: М. Итгэл (Ph.D) (Боловсролын хүрээлэн)

А. Энхтогтох (Боловсролын хүрээлэн)

 

Нэг. Ерөнхий боловсролын сургуулийн сургалт

ЕБС  нь хүүхэд хөгжил, төлөвшил-хүмүүжил, хамгааллын төв байна.

Хүүхдийн хөгжлийг сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагаагаар дэмжинэ.

Сургалт нь сурагч бүрийн хөгжлийг дэмжсэн, тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн, агуулга, арга зүй, үнэлгээ бүхий цогц үйл явц байна. Сургалтын зорилго нь Монгол Улсын Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Боловсролын хуулиар тодорхойлсон боловсролын зорилго болон бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оршино.

Үндсэн шалгуур нь тухайн сургуулийн сурагчдын насан туршдаа суралцах арга барил, амьдрах чадварын хөгжил байх учиртай. Энэ нь:

  • Сурагчийн сурлагын ахиц, амжилт;
  • Өөрийн гэсэн сурах арга барил;
  • Үндэсний хэл, түүх, соёлоороо бахархах, түүнийг хамгаалах, өвлөх байдал;
  • Оролцоо, шийдвэр гаргах чадварын хөгжил;
  • Аюул, эрсдэлээс өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх чадвар;
  • Харилцааны зөв дадал хэвшил, аливаад эерэгээр хандах, хүлээцтэй байх зан төлөв зэргээр хэмжигдэнэ.

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын бодлого нь сургуулийн хэм хэмжээ, сургалтын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх хичээл, үйл ажиллагааг тодорхойлно.

Хоёр. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөө

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөө нь сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах чиглэл болно. Сургалтын төлөвлөгөөг ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сургалтын онцлогийг харгалзан  тус тусад нь тогтооно.

Сургалтын төлөвлөгөө нь дараах зүйлийг уялдаа холбоонд нь авч үзсэн бүтэцтэй байна.Үүнд:

  • Сургуульд суралцаж байгаа сурагчдын суралцах нөхцөл байдалд үндэслэх;
  • Эдийн засгийн хөгжил, нийгмийн захиалга, боловсролын бодлого, орон нутгийн хэрэгцээ шаардлагыг харгалзах;
  • Танин мэдэхүй, нийгэмшил, зан үйл, хандлага төлөвшүүлэх хичээлийн цагийн харьцааг үндэслэлтэй тогтоох;
  • Хичээл болон сургалтыг дэмжих үйл ажиллагааг төлөвлөх боломжтой байх;
  • Сургуулийн бие даасан байдлыг хүндэтгэж, сургалтын үйл явцыг бүтээлч арга зүй, технологиор удирдан зохион байгуулах боломжийг олгосон, уян хатан байх;
  • Ахлах ангийн сургалтын төлөвлөгөө нь сонголт хийх боломжтой, хувилбартай байх
  • Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийн хэрэгцээнд нийцсэн сургалтын төлөвлөгөөг мөрдөх

 

Өнөөгийн нөхцөл байдал

  • Хууль, эрх зүйн хүрээнд: ЕБС-ийн удирдлагын түвшинд сургуулийн хөгжлийн бодлого, төлөвлөлт болон эрх зүйн баримт бичгийн боловсруулалтыг сайжруулахад  дэмжлэг хэрэгтэй байна.
  • Сургуулийн ялгаатай байдал: Байгаль, цаг уурын онцлог, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх  зэрэг шалтгааны улмаас хичээлийн жилийн улирлууд хот, хөдөөд ялгаатай, хөдөлгөөнтэй байна. Дэлхийн улс орнууд нэг өдрийн сургалт болон хичээлээс гадуурх үйл ажиллагаанд 5.5-8 цаг зарцуулж байна. Манай орны хувьд 2016-2017 оны хичээлийн жилд 224 бүлэг, 2017-2018 оны хичээлийн жилд 173 бүлэг III ээлжинд хичээллэж байгаагаас үүдэн сурагчийн сургууль дээр байх цаг бага (5) байгаа тул сургууль зөвхөн сургалтын төлөвлөгөөнд тусгасан хичээлийг л заадаг, хүүхдийн төлөвшил-хүмүүжлийг орхигдуулахад хүргэж байна.
  • Сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөр: Эдийн засгийн хөгжил, нийгмийн захиалга, боловсролын бодлого, орон нутгийн хэрэгцээ шаардлагыг харгалзан шинээр үзэж судлах хичээл, агуулга нэмэгдэх тохиолдол гарч ирдэг. ЕБС-ийн сургалтын агуулгын бодлогод сурагчдад эзэмшүүлэх дараах хичээл, агуулгыг тусгах шаардлага тулгамдсан асуудал болоод байна.Тухайлбал:​​​
    • Эх хэл, эх түүх, соёлын боловсрол;
    • Гамшиг, эрсдэл, хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах агуулга бүхий аюулгүй байдлын боловсрол;
    • Эрүүл мэнд, амьдрах ухааны боловсрол;
    • Санхүү, бизнесийн боловсрол;
    • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох боловсрол гэх мэт

 

Дэлхийн ихэнх улс орны ахлах анги сонголттой уян хатан хөтөлбөрөөр хичээллэж байна. Манай улсын ахлах ангийн сургалтын төлөвлөгөөнд сонгон судлах хичээлийн тоо цөөн, сонгон судлах цаг бага байна. Энэ нь сурагчид хичээлийг сонгож судлахад нөлөөлж байна.

 

Сургалтын хөтөлбөрийг төлөвлөх, боловсруулах, турших, хэрэгжүүлэх үе шатуудад үнэлгээ хийх шалгуур, шаардлагыг боловсруулан практикт нэвтрүүлээд байна.

  • Сургуулийн ба сурагчийн ачаалал:  Хот, хөдөөгийн амьдрал, сургуулийн байршил, хүүхдийн тоо зэргээс шалтгаалан сургуулийн ачаалал, бүлэг дүүргэлт ялгаатай байна. Бүлэг дүүргэлт Улаанбаатар хотод хамгийн их буюу нэг бүлэгт дунджаар 40 сурагч, бага ангид 50 сурагч  хичээллэж байна. Хичээлийн жилийн үргэлжлэх хугацааны хувьд ихэнх улс нь жилд 190-200 хоног хичээллэдэг байна. Харин манай орны хувьд 160-175 байна.
    • Бага боловсролд судлах хичээлийн тоо (10/10) нь зарим улс орны сургалтын төлөвлөгөөнд тусгасан хичээлтэй ойролцоо боловч судлах цаг нь бага (781/1272) байна.
    • Суурь боловсролд судлаж буй хичээлийн тоо (18-21/11-12) зарим улсын сургалтын төлөвлөгөөнд тусгасан хичээлийн тооноос харьцангуй их боловч хичээлийн жилийн нийт цаг (1172/1252) нь олон улсын жишигтэй ойролцоо байна.
    • Бүрэн дунд боловсролын X ангид судлах хичээлийн тоо олон улсын жишигтэй ижил, хичээлийн жилийн нийт ачаалал (945/1080) бага байна. Энэ нь олон улсад ахлах ангийн сурагчийн заавал судлах хичээлийн цаг бага, сонголтоор судлах хичээлийн цаг их байдгийг харуулж байна.
  • Сургуулийн соёл: Сургууль хөгжигч байгууллага байна. Энэ утгаараа сургууль гадаад болон дотоод орчны өөрчлөлтийг хамгийн түрүүнд мэдэрч хүлээн авдаг байх ёстой. Манай улсын хувьд сургуулийн соёл, уур амьсгалтай холбоотой зарим заалтуудыг Боловсролын багц хууль, Хүүхдэд Ээлтэй Сургуулийн бодлого (2004),  “Боловсрол” Үндэсний хөтөлбөр (2009), Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм (2010), Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм (2007) зэрэг эрх зүйн баримт бичгүүдэд тусгаж, зохицуулж ирсэн. Гэвч өнөөдөр сургуулийн үйл ажиллагаа захирал, хамт олны санаачлага, идэвх зүтгэлээр явж ирлээ.
  • Тусгай хэрэгцээт боловсрол: Тэгш хамран сургах буюу тусгай хэрэгцээ шаардлагатай сурагчдын хэрэгцээнд нийцсэн үндэсний сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулж байгаагүй, сургуулийн хөтөлбөрөөр хичээллэж байна.
  • Үнэлгээ: Багшийн үнэлгээ субъектив нөлөөлөл ихтэй байна. Өөрөөр хэлбэл тухайн сурагчийн дүн YII, YIII, IX ангидаа ерөнхийдөө ойролцоо түвшинд байснаа төгсөх ангид дүн нь илэрхий өндөр байх тохиолдол түгээмэл байна.Тухайлбал, ЕБС-ийн төгсөх ангийн сурагч гадаадын их, дээд сургуульд элсэх хүсэлт гаргахад аль нэг хичээл дээр 80-аас доош хувьтай байвал элсэх боломжгүй болдог гэсэн шалтгаанаар тухайн хүүхдийн дүнг 80-аас дээш хувьтай тавих тохиолдол байдгийг бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн сургалтын үеэр багш нар дурьдаж байсан.

Бэрхшээл, асуудал

  • Хууль, эрх зүйн хүрээнд: ЕБС-ийн удирдлагын чадавх, сургуулийн хөгжлийн төлөвлөлт хангалтгүй, эрх зүйн зохицуулалт оновчтой бус байна.
  • Сургуулийн ялгаатай байдал: Улсын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд 224 бүлэг III ээлжинд хичээллэж байгаагийн 222 нь Улаанбаатар хот, 2 нь Говь-Алтай аймгийн төрийн өмчийн сургуулийн бүлэг байна. Хот, хөдөөгийн болон нэг, хоёр, гурван ээлжтэй сургуулийн ялгаатай байдлаас үүдэн ЕБС нь сургалтын болон бусад үйл ажиллагаагаар сурагчдыг хөгжүүлэх, төлөвшүүлэх, хүмүүжүүлэх ажлыг сургуулийн сургалтын бодлого, дэг журмаар удирдах бичигдсэн ба  бичигдээгүй дүрэм журам, ёс зүйн хэм хэмжээ, үнэт зүйлс зэрэг сургалтын чанарыг илтгэх зарчим, шалгуурын тогтолцоог бүрдүүлж чадахгүй байна.
  • Сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөр: Өнөөгийн сургуулийн нөхцөл байдлаас харахад сурагчийн өдрийн ачаалал  их байгаа тул нэмэлт хичээл, агуулгыг багтаах боломж хязгаарлагдмал байна. Хот, хөдөөгийн болон нэг, хоёр, гурван ээлжтэй сургуулийн ялгаатай байдлаас үүдэн ахлах ангийн сурагчид сонголттой, уян хатан хөтөлбөрөөр хичээллэх боломж бүрдэхгүй байна.

 

Сургалтын хөтөлбөрийг төлөвлөх, боловсруулах, турших, хэрэгжүүлэх үе шатуудад үнэлгээ хийх өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, судалгаанд үндэслэсэн үр дүнг дараагийн сургалтын хөтөлбөрийн өөрчлөлтөд тусгах тогтолцоо бүрдээгүй байна.

  • Сургуулийн ба сурагчийн ачаалал:  Сурагч олон хичээлийг бага цагт судлаж байгаа нь тэдний ачаалалыг нэмэгдүүлж байна.
  • Сургуулийн соёл: Сургуулиуд өөрийн онцлогт тохируулан бэлэгдэлд суурилсан, хэм хэмжээнд суурилсан, эрдэмд суурилсан, урамшуулалд суурилсан сургуулийн соёлыг эрхэмлэж байгаа боловч цаашид сургуулийн соёл, менежментийг шинэ парадигмаар тодорхойлох шаардлага бидэнд зүй ёсоор гарч байна.
  • Тусгай хэрэгцээт боловсрол: Тэгш хамран сургах буюу тусгай хэрэгцээ шаардлагатай сурагчдын хэрэгцээнд нийцсэн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна.
  • Үнэлгээ: Сургууль, багш нар явцын үнэлгээний ач холбогдлын талаар нэгдмэл ойлголттой боловч түүнийг мөн чанараар нь сургалтад хэрэглэхгүй байна. Өөрөөр хэлбэл үнэлгээний зорилгод нийцсэн үнэлэх тогтолцоо үндэсний болон сургуулийн түвшинд хэрэгжихгүй байгаа нь сурагчийн дүн бодитой биш байхад нөлөөлж байна.

Шийдэх арга зам

  • Хууль, эрх зүйн хүрээнд: Боловсрол, сургалтыг субъектив нөлөөлөлгүй болгоно. Боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж сургалтын бодлогыг ямар субъект тодорхойлох статусыг тодорхой болгох хэрэгтэй гэж үзэж байна. Тухайлбал: Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд боловсролын бодлого, төлөвлөлт, хөгжлийн асуудлаар зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны бус үндэсний зөвлөл ажилладаг. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд
    • Төрийн ба төрийн бус байгууллагын төлөөлөл
    • Их, дээд болон ЕБС-ийн багш
    • Эцэг, эх болон олон нийтийн төлөөлөл
    • Хэвлэл мэдээлэл болон хуулийн байгууллагын төлөөлөл
    • Санхүүгийн болон бизнес байгууллагын төлөөлөл оролцсон байх.

Үндэсний зөвлөлийн дүгнэлт, саналд үндэслэн Боловсролын асуудал эрхэлсэн сайд боловсролын шинэчлэл хийх болон сургалтын хөтөлбөрийн өөрчлөлтийг тогтсон үе шаттайгаар нэгдсэн төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлдэг байх тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна.

Мөн сургуульд суурилсан менежментийг хэрэгжүүлэх эрхзүйн орчинг бүрдүүлж, сургуулийн бүрэн эрхтэй холбоотой одоо мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг илүү ойлгомжтой болгох хэрэгтэй байна.

  • Сургуулийн ялгаатай байдал: Боловсролын тухай хуулийн “3.1.11.“төлөвшил” гэж суралцагчийн хүмүүжил, итгэл үнэмшлийн цогцыг хэлнэ” гэжээ. Хуулийн энэ заалт нь цаасан дээр үлдэж, сургууль, багш нь зөвхөн тухайн хичээлийн агуулгыг заах хэмжээнд хүрч, хүүхдийн хөгжил, төлөвшил-хүмүүжил хоцрогдох нөхцөл бий боллоо. Иймд сурагчийн хөгжил, төлөвшил-хүмүүжил, хүүхэд хамгаалалд сургуулийн үүрэг оролцоог шинэ байдлаар авч үзэх хэрэгцээ үүсээд байна. Үүнд:
  • Багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиулж эерэг хандлагыг нэмэгдүүлснээр хүүхдийн хөгжил, төлөвшил-хүмүүжилд тодорхой ахиц гаргах
  • Гар утас, цахим орчны зохистой хэрэглээг хангах, цахим орчин дахь хүүхэд хамгааллыг сайжруулах,
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд үеийнхэнтэйгээ хамт суралцах нийгэм, сэтгэл зүй, сургалт, дэд бүтцийн таатай орчныг бүрдүүлэх ажлыг шинэ шатанд гаргах,
  • Хүүхдийг амьдрах ухаанд сургах, хөгжил, оролцоог нь дэмжих зорилгоор хүүхдийн өөрөө удирдах байгууллага, сурагчийг хөгжүүлэх зэргийг дурдаж болно.
  • Сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөр: ЕБС нь сургалтын үр дүнг дэмжихэд чиглэсэн, сурагчдын насан туршдаа суралцах арга барил, амьдрах чадвараа хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:
    • Сурагчдад дэмжин туслах үйл ажиллагаа;
    • Сурагчдын сонирхол хэрэгцээнд суурилсан төрөл бүрийн дугуйлан, секц болон хүүхдийн хөгжлийг дэмжсэн богино хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа;
    • Танилцах, суралцах аялал, оролцоонд суурилсан үйл ажиллагаа гэх мэт

Тогтвортой хөгжлийн болон монгол соёл уламжлал, үндэсний бахархал; гамшиг, эрсдэл, хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах; эрүүл мэнд; санхүү, бизнес; ажил мэргэжлийн чиг баримжаа олгох агуулгыг амьдрах ухааны цөм агуулга гэж үзэн сургалт, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Зөвхөн хичээлийг санхүүжүүлдэг өрөөсгөл тогтолцоог шинэчилж,сургалтын үйл ажиллагааг бүхэлд нь санхүүжүүлдэг тогтолцоонд шилжинэ.

Сурагчийн сонголтод суурилсан сургалтын төлөвлөгөөг мөрдөхөд анхаарна. Тухайлбал: ахлах ангидсудлах болон сонгож судлах хичээлийн харьцааг 60:40 байхаар сургалтын төлөвлөгөөнд тусгана.

  • Тогтвортой буюу заавал судлах агуулга нь сурагчид шинжлэх ухааны үндэс, судалгааны аргыг эзэмшүүлэх, иргэний болон нийгмийн үнэт зүйл, бие даан бүтээлчээр насан туршдаа суралцах мэдлэг, чадвар, хандлагыг хөгжүүлэхэд чиглэнэ.
  • Сонгон судлах агуулга нь ажил мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлж, өөрийн сонирхсон, сонгосон чиглэлээр сонгох болон гүнзгийрүүлэн судлах хөтөлбөрөөр хичээллэн мэдлэг, чадвар, хандлага, авьяас чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.

 

Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгааг тогтмолжуулан сургалтын хөтөлбөрийн өөрчлөлт, хөгжүүлэлтийг эрдэм шинжилгээнийүндэслэлтэй тодорхойлдог болгоно.

  • Сургуулийн ба сурагчийн ачаалал:  Сургуулийг нэг ээлжинд шилжүүлэх бодлого баримтлах нь сурагчийн хөгжил, төлөвшил-хүмүүжилд сургуулийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх сайн талтай байх болно.
  • Сургуулийн соёл: Сургуулийн соёл (хэм хэмжээ, үнэт зүйл, итгэл  үнэмшил, заншил, уламжлал, бэлгэ тэмдэг гэх мэт)-ын хэв шинжийг бодитой тодорхойлж хөгжүүлнэ. Сургуульд баримтлах зарчимд үндэслэн сургуулийн үнэт зүйл, заавал мөрдөх хэм хэмжээ (эрх зүйн, ёс суртахууны, нийгэм-соёлын, экологийн гэх мэт)-г шинээр тодорхойлно. Сургалтад оролцогчдын эрх үүрэг, оролцоо, хандлагыг хүүхдийн хөгжил, төлөвшил-хүмүүжил, хамгаалалд чиглүүлэх, шаардлагатай байна.
  • Тусгай хэрэгцээт боловсрол: Тэгш хамран сургах буюу тусгай хэрэгцээ шаардлагатай сурагчдын хэрэгцээнд нийцсэн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ. Тусгай хэрэгцээт боловсрол олгодог сургуулийн үнэлгээний шинэчлэлийг эхлүүлнэ.
  • Үнэлгээ: ЕБС-ийн сурагчийн үнэлгээ нь мэдлэг, чадвар, хандлагыг хэмжих үйл явц боловч сургууль үнэлгээний оношлох үүргэд ач холбогдол өгч, хүмүүнлэг байх зарчмыг баримтална. Тухайлбал: Үнэлгээ нь шалгуурт суурилсан байх ба сурагчийн ахиц, амжилтыг илрүүлэх, урамшуулах, дэмжлэг үзүүлэх болон үнэлгээний үр дүнг сургалтын чанар, сурлагын амжилтыг ахиулах хэрэгсэл болгон хэрэглэхэд онцгой анхаарна.

Сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх үнэлгээний талаарх багш нарын мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, үнэлгээний олон төрлийн аргазүйд сургах, багш бэлтгэх болон багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрт үнэлгээний асуудлыг онцгойлон авч үзэх шаардлагатай байна.

Ном зүй

  1. Бага, дунд боловсролын тухай хууль., Нэгдүгээр бүлэг, 2 дугаар зүйл.
  2. Боловсролын хүрээлэн., “Сургуулийн удирдах ажилтны ажлын байранд тавих шаардлагын хэрэгжилт”., судалгааны тайлан., 2013 он
  3. Боловсролын салбарын хөгжил-Боловсролын чанарт нөлөөлж буй сургуулийн хүчин зүйлс Зөвлөх үйлчилгээний эцсийн тайлан, ADB,ТА-8931 MON, 2017).
  4. Цэцэгжаргал. Х., Отгонбаатар.Х, “Сурагчдын сурлагын амжилт ба сургуулийн уур амьсгалын зарим хүчин зүйлийн хоорондын хамаарлыг судалсан нь: Бага боловсролын түвшин”., Боловсрол судлал сэтгүүл, №122, 63-р тал
  5. “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийг үнэлж, дүгнэх журам” (төсөл), 2017.
  6. http://www.ibe.unesco.org/fileadmin/user_upload/Publications/WDE/2010/pdf-versions/Republic_of_Korea.pdf
  7. http://norric.org/files/education-systems/Ruslandsrapport-feb2005.pdf
  8. http://en.russia.edu.ru/edu/description/sysobr/910/
  9. http://members.tripod.com/h_javora/jed8.htm
  10. http://www.moe.gov.sg/education/primary/curriculum/
  11. https://webgate.ec.europa.eu/fpfis/mwikis/eurydice/index.php/Finland:Teaching_and_Learning_in_General_Upper_Secondary_Education
  12. OECD (2013), Education at a Glance 2013: OECD Indicators, Indicator D1 (www.oecd.org/edu/eag.htm).
  13. International Curriculum review and Assessment Frameworks Internet Archive, 2013
  14. Review of the Current Educational Assessment System in Mongolia, UNESCO Bangkok, 2015.
Ирсэн саналууд
Санал бичих

Зөвлөмжүүд