Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл

Илтгэлийн дэлгэрэнгүй Илтгэл татах

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛТНЫ

МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН ШИНЭЧЛЭЛ 

Илтгэгч: Ш.Оюунцэцэг, БМДИ

1995 онд Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар “Багшид мэргэжлийн болон эрдмийн зэргийн зэрэг, цолны, ур чадварын болон бусад нэмэгдэл хөлс олгоно” гэсэн заалт  нэмэгдсэнээр багшийн мэргэжлийн зэрэг олгох эрх зүйнорчинбүрджээ. Одоо мөрдөж байгаа Бага, дунд боловсролын тухай хуульд “Ерөнхий боловсролын сургуулийн багш ид заах аргач багш, тэргүүлэх багш, зөвлөх багш гэсэн мэргэжлийн зэрэг олгоно.”, гэсэн заалт бий.Харин 2016 онд Боловсролын тухай хуульд “... албан тушаал өөрчлөгдөх тохиолдолд цэцэрлэг, сургуулийн удирдах албан тушаал эрхэлж байгаа багшийн мэргэжлийн зэрэг хэвээр хадгалагдах” заалт шинээр нэмэгдсэн байна.

Багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах үйл ажиллагааг зохицуулсан хэд хэдэн журам гарч, улмаар мэргэжлийн зэрэгтэй багшид 10, 15%, 20%-ийн нэмэгдэл олгож ирсэн байна. Тухайлбал:

  1. 1996 онд Засгийн газрын 38-р тогтоолоор “Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах тухай журам”
  1. 2003 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд; Ниймийн хамгаалал хөдөлмөрийн сайд; Санхүү, эдийн засгийн хамттарсан 328/131/283 дугаар тушаалаар “Багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам”
  2. 2008 онд Боловсрол шинжлэх ухааны сайдын 73-р тушаалаар “Багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”
  3. 2013 онд Боловсрол шинжлэх ухааны сайдын 305-р тушаалаар “Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”
  4. 2013 онд Засгийн газрын 229-р тогтоолоор “Сургуулийн нийгмийн ажилтны  мэргэшлийн зэрэг, нэмэгдэл хөлс олгох журам
  5. 2014 онд Боловсрол шинжлэх ухааны сайдын 52-р тушаалаар“СӨБ-ын багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах, арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох, хасахад баримтлах шалгуур үзүүлэлт”. Эдгээрээс гадна 2011 онд Боловсрол шинжлэх ухааны сайдын 378, 2016 онд Хөдөлмөрийн сайдын А/93-р тушаалаар Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журам тус тус батлагдсан байдаг. 

 

Багшийн мэргэжлийн зэрэг нь багш ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд үр дүнтэй ажиллаж,тодорхой амжилт гаргасныг харуулсан баталгаа болно. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн зэрэг нь сургалтын чанарыг нэмэгдүүлэх, багшийг чанаржуулах хөшүүрэг болно.Энэ нь нэг талаас багшийн ажлын үр дүнг үнэлэх, нөгөө талаас боловсролын чанарыг дээшлүүлэх зорилготой холбоотой. 2003 оны гурван сайдын хамтарсан тушаалд мэргэжлийн зэргийг багшийн ажлын үр дүнг үнэлэх зорилготой гэсэн бол түүнээс хойш гарсан 2 удаагийн журамд багшийн ур чадварыг илрүүлэх зорилгоор өргөжсөн  байна. 

БСШУСЯ-ны 2016-2017 оны статистик мэдээгээр ЕБС-д ажиллаж байгаа 29242 багшийн 11924 буюу 40.4% нь мэргэжлийн зэрэгтэй байна. Үүнээс зөвлөх багш 105,  тэргүүлэх багш 3480,заах аргач багш 8223 байна.Гэхдээ энэ тоо зөвхөн багшийн тоо бөгөөд мэргэжлийн зэрэгтэй сургалтын менежер, цэцэрлэгийн багш, эрхлэгчийн тоо ороогүй тоо юм. Энэ нь хангалттай үзүүлэлт биш юм.

 

Багш, ажилтанд мэргэжлийн зэрэг олгох журмыг шинэчлэхдээ дараах үндсэн өөрчлөлт хийж байна.

  • Мэргэжлийн зэрэгт тавих шаардлага, шалгуур үзүүлэлтийг багшлах үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнтэй шууд хамааралтай болгож шинэчилнэ

Багшид мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохицуулж ирсэн журмуудаас үзэхэд 2003 оны журамд нь мэргэжлийн зэрэг олгох ажлын зорилгыг “ажлын үр дүнг урамшуулахад оршино”гэж маш тодорхой томьёолж байсан бол дараагийн хоёр журамд зорилгыг багшийн хувийн ур чадварын өсөлттэй холбосон байна. Мөн мэргэжлийн зэрэголгоход заасан хичээл, даасан ангийн сурагчдын сурлагын амжилтыг харгалздаг байсан шалгуур 2013 оны журмаас хасагдсан бол сургалтад хамрагдсан байх, илтгэл хэлэлцүүлсэн байх, арга зүй, туршлагаа үндэсний технологийн санд байршуулсан байх, сургууль багш нарт зөвлөн тусалсан байх, гадаад хэл, мэдээлэл харилцааны технологийн мэдлэг чадвартай байх, судалгаа хийсэн байх гэх мэт хувь багшийн мэдлэг, ур чадвараас хамааралтай олон шалгуур нэмэгджээ. Энэ нь заримбагш өөрийн хувийн ур чадвар, амжилтаданхаарч, хичээл сургалтын үндсэн ажлыг хоёрдугаар тавихад хүргэсэн байх талтай. Тэгвэл одоо ЕБС-д ажиллаж байгаа багш, нийгмийн ажилтан гээд хэн ч байсан тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргийн дагуу гүйцэтгэсэн ажлынх нь үр дүнг л үнэлэх болно. Багшийн ажлын үр дүн бол сурагчдын сурлагын амжилт гэдэгтэй маргах хүн гарахгүй. Ямар ч багш сайн шавь нараараа л бахархдаг. Ийнхүү мэргэжлийн зэргийг багшлах үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнтэй шууд хамааралтай болгож шинэчилж байгаа нь багш, ажилтны хувийн мэдлэг, ур чадварыг нь биш, харин тэрхүү мэдлэг, ур чадвараа үр дүн болгож байгааг нь үнэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл ур чадвараа үр дүн болгон хувиргаж байна гэсэн үг.

 

  • Мэргэжлийн зэргийн босго давах хугацааг ажилласан жилээс хамааралгүй болгоно.

“Зөвлөх багш” болох гэж 15 жил, “Тэргүүлэх” багш болох гэж 10 жил, Заах аргач багш болох гэж 5 жил заавал багшилсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл ажилласан жилээс шууд хамааралтай байсан. Харин багш ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт ажлаа үр дүнтэй, амжилттай гүйцэтгэсэн тохиолдолд заавал 5,10,15 жилийг хүлээх шаардлагагүй болно. Үр дүнтэй ажилласан тохиолдолд түүнд тохирсон мэргэжлийн зэрэг шууд олгогдоно.Ийм учраас учраас мэргэжлийн зэрэг олгох хугацаа хөдөлгөөнтэй, уян хатан болно. Мөн зэрэг хоорондын хугацаа 5 жил байх ёстой гэдэг шаардлага ч бас өөрчлөгдөнө.

 

  • ЕБС-ийн багш, сургалтын менежер, нийгмийн ажилтан, тусгай хэрэгцээт боловсролын багш, албан бус боловсролын багш, дотуур байрын багш нарын ажил үйлчилгээний онцлогт тохирсон шалгууртай байна.

Гэхдээ гол шалгуур бол бүх тохиолдолд үүрэгт ажлынх нь үр дүн байх зарчим баримтална. Хэдийгээр “Багш” хэмээх ангилалд багтдаг ч ажлын байрны тодорхойлолтоор  ялгаатай ажил үйлчилгээ эрхэлж байгаагийн хувьд тус тусдаа ялгаатай. Бага ангийн багш зөвхөн нэг ангид заадаг бол дунд ангиын багш нар өөр анги, олон өөр өөр сурагчид мэргэжлийн хичээл заадаг. Гэтэл тусгай боловсролын багш суралцахуйн тусгай хэрэгцээт шаардсан хүүхдүүдтэй ажилладаг гэх мэт ялгаатай байна. Багшид мэргэжлийн зэрэг олгох гол шалгуур бол зөвхөн сурлагын амжилт байх бол тусгай боловсролын багш нарт ийм шалгуур байж болохгүй. Багш нарт заасан хичээлээр нь сурагчид ямар амжилт үзүүлсэн нь “зөвлөх”, “тэргүүлэх”, “заах аргач” багш мэргэжлийн зэргийн алийг нь олгох үндэслэл болно. Тухайлбал тухайн багшийн хичээлээр сурагчдын сурлагын дундаж амжилт 80%-аас дээш бол  “Зөвлөх багш”, 70%-80% “Тэргүүлэх багш”, 60%-70% бол “Заах аргач” мэргэжлийн зэрэг олгоно гэж үзэж байна. Мэргэжлийн зэргийн нэмэгдлийн хэмжээ өөрчлөгдөхгүй. 60%-аас доош амжилт үзүүлсэн багш үндсэн цалингаа л авах болно. Тусгай хэрэгцээт боловсролын багш нарын хувьд ажлын үр дүнг тооцох шалгуур өөр, тусгай зохицуулалттай байна. 

 

  • Зөвлөх ба тэргүүлэх багш мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох, цуцлах эрхийг сургуулийн мэдэлд шилжүүлнэ.

2003 оноос  “тэргүүлэх багш” мэргэжлийн зэргийг аймаг, нийслэлийн БСУГ;“зөвлөх багш” мэргэжлийн зэргийг 2012 он хүртэл Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага/эсвэлэрх шилжүүлсэн байгуулага/, 2012 оноос Багшийн мэргэжил дээшлүүлэх институт энэ үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.Зөвлөх багш мэргэжлийн зэрэгтэй багшийн  эзлэх хувь тун өчүүхэн хувийг эзэлж байгаагийн нэг шалтгаан бол энэ олон шат дамжлагатай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл шинэ журмаар багшийн үндсэн ажлаас гарсан үр дүнг сургууль дээрээ, хамт олныхоо дунд шийдэх эрх нээгдэх болно. Өөрөөр хэлбэл, багшийн ажлыг хамгийн бодитой үнэлэх хамт олон, сургууль байна.

Мэргэжлийн зэрэг олгох зорилго, шалгуур, шаардлагыг ийнхүү шинэчилж байгаагийн  гол санаа бол ажилдаа бүтээлчээр хандаж, сайн ажиллаж,тодорхой үр дүнд хүрсэн л түүнд нь тохирсон мэргэжлийн зэргийг нь олгох, улмаар мэргэжлийн зэрэгтэй багшийн тоог нэмэгдүүлэхийг зорьж байгаатай холбоотой. Ийнхүү мэргэжлийн зэргийг ажлын үр дүнтэй шууд уяж байгаа нь үр дүнд суурилсан бүтээжмжийг бий болгож байгаа хэрэг юм.

 

Үүнийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд багш, ажилтны ажлыг бодитой, шударга үнэлэх үнэлгээний тогтолцоо бүрдүүлж өгөх шаардлагатай. Мэргэжлийн зэрэг олгох эрх мэдлийг сургуулиуд  хэрэгжүүлэхэд үнэн бодитой байх, шударга байх, харилцан итгэлтэй байх, хамтын оролцоонд суурилах зарчмаар ажиллах шаардлага гарна.

 

Багшийн мэдлэг ур чадвар хүхдийн сурлагын амжилтад шууд үр дүн болж нөлөөлж байх ёстой.

 

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

 
Ирсэн саналууд
Санал бичих

Зөвлөмжүүд