Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл

Илтгэлийн дэлгэрэнгүй Илтгэл татах

БАГШИЙН АЖЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛ

Илтгэгч: М.Гантуяа, БҮТ

21-р зууныг мэдлэгийн зуун хэмээн тодорхойлсон бөгөөд мэдлэгийн нийгэм, эдийн засаг нь шинэ мэдлэг дээр тулгуурлан явагддаг. Тэгвэл шинэ мэдлэг гэдэг бол улс орны ХӨГЖЛИЙН түлхүүр юм. Боловсролын салбарт хөгжил, боловсролын чанарт ахиц хэрэгтэй байгаа бол түүнийг гол хэрэгжүүлэгч багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, үнэ цэнийг өсгөх, үнэн зөв бодитой үнэлэх хэрэгцээ шаардлага зайлшгүй бий болоод байна. Багш нь суралцагчдад чанартай боловсрол олгох үндсэн үүрэгтэйгээс гадна хүнийг хүн болгох, хөгжүүлэх, төлөвшүүлэх үүргийг давхар хүлээдэг. Чанартай боловсрол олгох гол баталгаа болсон багш, сурган хүмүүжүүлэгчдийг мэргэшүүлэн бэлтгэх, хангалттай цалин урамшуулал олгох, үр ашигтай удирдлагын тогтолцооны хүрээнд дэмжих, хөгжих нөхцлөөр хангана хэмээн ТХБ – 4 зорилтыг хэрэгжүүлэх арга хэлбэрт тусгаж өгсөн байдаг.

Монгол улсын хувьд багшийн ажлыг үнэлж дүгнэх журам нь хөгжлийн явцад хэд хэдэн удаа солигдож байсан бөгөөд хамгийн сүүлд БШУ-ны сайдын 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/293 тоот тушаалаар “ЕБС-ИЙН БАГШИЙН АЖЛЫГ ҮНЭЛЭХ, ДҮГНЭХ ЖУРАМ” шинэчлэгдэн мөрдөгдөж байна. Багшийн ажлыг үнэлж буй үнэлгээний зорилго, үнэлэх шалгуур, үзүүлэлт нь үндсэн чиг үүрэгтэй нь нийцэж буй эсэхийг судлах зорилгоор Боловсролын үнэлгээний төв нь 2016 оны 11 дүгээр сард 21 аймаг, 9 дүүргийн БСУГ-ын арга зүйч, ЕБС-ийн удирдах ажилтан болон багш нарыг хамруулсан онлайн асуулга судалгааг зохион байгуулсан. Мөн Улаанбаатар хотын ЕБС-ийн сургалтын менежер, багш нарыг оролцуулсан фокус ярилцлагыг зохион байгуулсан. Тус судалгааны үр дүн болон фокус ярилцлагын үед гарсан саналд үндэслэн гаргасан дүгнэлтээс харахад:

  • “Багшийн ажлын байрны тодорхойлолт”-д заасан багшийн үндсэн зорилтын хүрээнд хийж гүйцэтгэх зарим үйл ажиллагаа “Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам”-ын нийтлэг шалгуур үзүүлэлт хоёр уялдахгүй байна. 
  • Уг шалгуур үзүүлэлтийн зарим шалгуурыг үнэлэхэд хэмжих боломжгүй зүйл учирч байна. Жишээлбэл:
  • Багшийн ажлыг үнэлэх шалгуур үзүүлэлт нь хэтэрхий ерөнхий, оновчтой биш, дүгнэхэд цаг хугацаа, бичиг цаас их шаардсан ажиллагаа болж байна;
  • Багш нар хичээл зохион байгуулах, сургалтын хөтөлбөр боловсруулах, сайжруулах цагаа судалгаанд зарцуулдаг;
  • Судалгаа шинжилгээний ажил хийх, илтгэл, ном, гарын авлага, зөвлөмж боловсруулах, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах, бусад багш нарт сургалт зохион байгуулах зэрэг багшийн хөгжлийн асуудлыг аль шалгуур үзүүлэлтэд хамруулан үнэлэх нь тодорхойгүй;
  • Анги удирдсан багш нарын хувьд анги, кабинетийн эрүүл ахуй, тохижилт болон удирдсан ангийн сурагчид,  эцэг эх, асран хамгаалагчдад үзүүлсэн эрүүл ахуйн үйлчилгээнээс хамааран ажлаа төлөвлөх, үнэлгээ тогтоолгох боломжтой байдаг бол анги удирдаагүй багш нарын хувьд хичээл зааж буй ангийн сурагчдад болон боловсролын үйлчилгээ авч буй иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээг үнэлэх, хянах боломжгүй байдаг байна.
  • Бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд хичээл, үйл ажиллагаа зохион байгуулж буй багшийн ажлын ачаалал, хүүхдийн тоо зэрэг нь багшийн ажлын гүйцэтгэлд шууд нөлөөлж байдаг гэсэн байна.

Багшийн ажлыг үнэлж дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан боловсруулах, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх сургууль хэрэгжүүлэх боломжтой байх, үнэлгээний үр дүнг сургууль, багш, суралцагчийн хөгжил, түүнд оруулж буй хувь нэмэр болон гүйцэтгэж буй үндсэн үйл ажиллагаатай уялдуулах, багшийн чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхүйц эргэх холбоог бий болгох, үнэлгээнд оролцогчдын үүрэг хариуцлагыг сайжруулахад чиглэсэн байх хэрэгцээ, шаардлага бий болж байна.

Иймээс багшийн хөдөлмөрийг үнэн, зөв бодитой үнэлэх, тэдний авч буй цалин хөлс нь амьдрал, ахуйн зайлшгүй хэрэгцээг хангадаг байх, хийж гүйцэтгэж буй үндсэн ажилтай нь уялдсан байх үнэлгээний тогтолцоог бий болгох үүднээс ... сургалтын үр дүнд суурилсан багшийн ажлыг үнэлэх тогтолцоог бий болгох, багшийн хөгжлийг дэмжих бодлогыг баримталж буйгаараа онцлог юм.

 

Шинэчилэн боловсруулж буй журмын зорилго нь: Багшийн ажлыг үр дүнд суурилсан, суралцагчийн сурлагын ахиц, амжилтаар үнэлж дүгнэх, улмаар багшийн хөгжлийг дэмжихэд оршино.

Энэхүү журмыг хэрэгжүүлэхэд дараах нийтлэг зарчмыг баримтална. Үүнд:

  • Шударга байх
  • Тэгш, хүртээмжтэй байх
  • Үр нөлөөтэй байх
  • Хэмжигдэхүйц байх
  • Хамтын оролцоог хангасан байх

 

Багшийн ажлыг суралцагчдын хөгжил, хүмүүжил, төлөвшил, сурлагын амжилт, багшийн хөгжил гэсэн шалгуураар үнэлж дүгнэнэ.

Шалгуур

Гүйцэтгэлийн үзүүлэлт

Хувь

Хэрхэн үнэлэх

Суралцагчдын хөгжил, хүмүүжил, төлөвшил

  • Сургуулийн хэм хэмжээг мөрдөх байдал 5%
  • Нийгмийн ажлын оролцоо 5%
  • Хүүхдийн хөгжлийн судалгаа 5%
  • Хүүхдийг хөгжүүлэх ажил (сонгон, секц, дугуйлан, клуб...) 15%

30%

  • Сургуулийн хэмжээнд мөрдөх дүрэм журмын хэрэгжилтээр үнэлнэ
  • Бие даан болон бусадтай хамтран ажиллах байдал, хариуцлага хүлээх чадвар, манлайлал, эерэг хандлага, харилцаа, өөртөө итгэх итгэл болон асуудал шийдвэрлэх чадварын хөгжил гэх мэт
  • Эх оронч, өв соёлоороо бахархах, монгол хүн байхад чиглэсэн үйл ажиллагааны оролцоогоор нь үнэлнэ
  • Сонгон секц, дугуйлан, клуб ... гм хүүхэд хөгжүүлэх ажлыг хийсэн оролцоогоор нь үнэлнэ

Суралцагчдын сурлагын амжилт

Сурлагын амжилтын үнэлгээ

  • Багшийн өөрийн үнэлгээ 20%
  • Сургуулийн дундажтай харьцуулсан хөндлөнгийн үнэлгээ 40%

 

60%

  • Багш өөрийн үнэлгээг улирал тутамд хийж харьцуулан үнэлэлт, дүгнэлт гаргана.
  • Хөндлөнгийн үнэлгээг хагас жил тутамд хийх ба сургуулийн дундаж үнэлгээг хичээл тус бүрээр гаргаж, түүнтэй харьцуулсан ахицаар үнэлнэ.

Багшийн хөгжил

  • Хичээлийн ажиглалтын үнэлгээ 5%
  • Өөрийгөө хөгжүүлсэн байдал 5%

10%

  • Багшийн хичээлд сард 1-ээс доошгүй удаа сууж үнэлсэн үнэлгээний дунджаар үнэлнэ.
  • Багшийн өөрийгөө хөгжүүлэх /заах арга, ур чадвар/ төлөвлөгөөний биелэлт, гүйцэтгэлээр үнэлнэ.

 

Багшийн ажлыг үнэлж, дүгнэх шалгуур, үзүүлэлтийг боловсруулахын зэрэгцээ багшийн ажлыг үнэлэх рубрикийг давхар боловсруулж өгснөөрөө өмнөх журмаас давуу юм.

Багшийн ажлыг үнэлж, дүгнэхдээ жилд 2 удаа 1 болон 6 дугаар сард багтаан үнэлж дүгнэнэ. Үнэлгээнд оролцогчид нь сар бүр үнэлгээний мэдээллийг цуглуулж явах ба 1, 6 сард нэгтгэж, үр дүнг тооцохоор тусгасан.

Сургалтын менежерийн чиг үүрэгт үнэлгээ болон багшийн хөгжлийг хариуцсан чиг үүргийг илүү тодорхой  болгож, багш нараа мэргэшүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлийг баримтлана.

Мэргэшсэн сургалтын менежер нь багшийн хөгжлийн болон үнэлгээний мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж, багшийн үнэлгээний ажлыг захирлын удирдлагаар сургууль дээр зохион байгуулна.

Үнэлгээний үр дүн нь багшийг урамшуулах, хөгжүүлэх, хариуцлага тооцох үндэслэл болно.

  • Нийт багшийн үнэлгээний үр дүнг ашиглан сургуулийн зүгээс багшийн мэргэжил дээшлүүлэх чиглэлийг тодорхойлно.
  • Нийт багш нарын 30 ба түүнээс дээш хувь нь хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд сургууль нь багш нараа хөгжүүлэх, тэднийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
  • Орон нутгийн нийгмийн бодлогын хэлтэс болон боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь сургууль бүрийн багшийн үнэлгээний үр дүнд шинжилгээ хийж, багшийн хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг үнэлнэ гэсэн заалтуудыг оруулж өгснөөрөө багшийн хийж гүйцэтгэж буй ажлыг бодитой, шудрага, үр дүнд суурилсан үнэлгээ болно гэж үзэж байна.

 

БСШУСЯ-НЫ ДЭРГЭДЭХ

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

 

Ирсэн саналууд
Санал бичих

Зөвлөмжүүд