Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл

Илтгэлийн дэлгэрэнгүй Илтгэл татах

Төсөл

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН

БАГШ, УДИРДАХ БОЛОН БУСАД АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Ерөнхий боловсролын сургууль (цаашид ЕБС гэх), цэцэрлэгийн багш, удирдах болон бусад ажилтны үйл ажиллагаандаа баримтлах зарчим, даган биелүүлэх ёс зүйн хэм хэмжээг тогтоож, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, багш мэргэжлийн нэр хүндийг хамгаалахад энэхүү ёс зүйн дүрмийн зорилго оршино.
  2. Ёс зүйн дүрмийн эрх зүйн үндэс нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын багц хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Авлигын эсрэг хууль, Зөрчлийн тухай хууль, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн эрхийн конвенци болон бусад холбогдох хууль тогтоомж байна.
  3. Ёс зүйн дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт өмчийн хэлбэр харгалзахгүй сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, туслах багш, удирдах болон бусад ажилтан /цэцэрлэгийн арга зүйч, нийгмийн ажилтан, дотуур байрын багш, номын санч, эмч/ дагаж мөрдөнө.
  4. Багш, удирдах болон бусад ажилтан энэхүү ёс зүйн дүрмээр тогтоосон зарчим, хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг[1] ёс зүйн зөрчил гэж үзнэ.
  5. Хүүхэдтэй шууд харилцдаггүй сургууль, цэцэрлэгийн ажилтан (жижүүр, үйлчлэгч, нярав, нягтлан бодогч...)-ны ёс зүй, харилцаанд тавих шаардлагыг сургууль, цэцэрлэгийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлөмөрийн гэрээ зэрэг бусад баримт бичигт тусгана.

 

Хоёр. Баримтлах зарчим

  1. ЕБС, цэцэрлэгийн багш, удирдах болон бусад ажилтан өөрийн үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална.
    1. Үл ялгаварлан гадуурхах, хүүхдийн эрх, хүнлэг энэрэнгүй, шударга ёсыг дээдлэх;
    2. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн шаардлагыг дагаж мөрдөх, багшийн мэргэжлийн нэр хүндийг өндөрт өргөх;
    3. Хүүхэд, эцэг эх, олон нийт болон хамтран ажиллагсдадаа ёс суртахууны үлгэр дууриалал болох;
    4. Хүүхдийн сурч, боловсрох эрхийг дээдлэн чанартай боловсрол эзэмшүүлэх;
    5. Хууль ёсыг дээдлэх;
    6. Бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр өөрийн үйл ажиллагааг явуулах;

 

Гурав. Ёс зүйн хэм хэмжээ

  1. ЕБС, цэцэрлэгийн  багш, удирдах болон бусад ажилтан дараах ёс зүйн хэм хэмжээг мөрдөнө.
    1. Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой:
      1. Хичээл, сургалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотойгоор хүүхэд, эцэг эх, олон нийт болон хамтран ажиллагсадтайгаа эд хөрөнгийн шинжтэй  санхүүгийн харилцаанд орохгүй байх;
      2. Хүүхэд, багш болон бусад ажилтны талаар шийдвэр гаргахдаа өөрийн хувийн ашиг сонирхолтой[2] холбогдох асуудлыг шийдэхээс татгалзах;
      3. ЕБС, цэцэрлэгийн эд хөрөнгийг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх;
      4. Ашиг сонирхлын зөрчилтэй, эсхүл зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлэх;
      5. Ашиг сонирхлын зөрчил[3] үүсэхээргүй бол ажил олгогчийн зөвшөөрөлтэй давхар ажил эрхэлж болно;
      6. Хүүхэд болон эцэг эхээс тоног, төхөөрөмж, эд материал зэргийг худалдан авах, орлого оруулах аливаа үйлчилгээнээс татгалзах

 

  1. Ялгаатай хандахаас сэргийлэхтэй холбоотой:
    1. Хүүхдийн сурлагын амжилтыг шударга, бодитой үнэлэх;
    2. Хувь хүүхдийн болон гэр бүл, эцэг эхтэй нь холбоотой мэдээллийн нууцыг хадгалах;
    3. Хүүхдийг гэр бүлийн байдал, хөгжил, суралцах чадвараар нь ялгаварлахгүй байх, тэдний ялгаатай байдлыг үндэслэн сургууль, цэцэрлэгт элсүүлэхээс татгалзах, хөөх, шилжүүлэх зэргээр сургууль, цэцэрлэгээс завсардуулахаас сэргийлэх;
    4. Хамтран ажиллагсдаа нас, хүйс, хувийн онцлог, албан тушаал, мэдлэг, туршлагаар нь ялгаварлахгүй, хүндэтгэлтэй харилцах;
    5. Өөрийн туршлагаа бусадтай хуваалцан хамт олны эв нэгдлийг дээдлэх;
    6. Сурагчийн хичээл сонгох эрхийг зөрчих, хүүхдийн эрх, эрүүл мэндийг хохироох, амралт чөлөөт цагийг хасах замаар тэдний сурлага болон өөрийн ажлын амжилтыг урьтал болгохоос сэргийлэх;
    7. Сургууль, цэцэрлэгийн орчин, сургалтын цагт хүүхдийн эрүүл мэнд хохирох, бэлгийн дарамтад өртөх, үе тэнгийнхнийхээ болон гадаад орчны сөрөг нөлөөнд автахыг анхаараагүйгээс тэдний эрх, эрх ашиг хохирох байдалд хүргэхээс сэргийлэх;

 

  1. Албан тушаалаа урвуугаар ашиглахгүй байхтай холбоотой:
    1. Хүүхэд, эцэг, эх, хамтран ажиллагсдынхаа нэр төр, үзэл бодлыг үйлдэл болон эс үйлдэхүйгээр басамжлан доромжлохгүй байх;
    2. Өөрийн болон байгууллагын нэр хүнд, амжилтын төлөө хамт олон, хувь хүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн өмчид хохирол учруулахгүй байх;  
    3. Удирдах ажилтан нь албан тушаалын давуу талаа ашиглан бусдын нэр хүндэд халдах, хууль бус томилгоо, ажил үүргийн хуваарилалт хийх, үнэлгээ дүгнэлт өгөх зэргээс зайлхийх, хамт олны дунд таагүй уур амьсгал үүсгэх аливаа үйл, үйлдэлд оролцохгүй, хөхиүлэн дэмжихгүй байх;
    4. Удирдах ажилтан нь ашиг сонирхлын зөрчилтэй болон зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлын үед шийдвэр гаргах, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгохтой холбоотой үйлдэл үл хийх
    5. Боловсролын баримт бичиг хуурамчаар үйлдэхгүй байх, хуурамч баримт бичиг ашиглахгүй байх;
    6. Ажлын байранд улс төрийн болон шашны үйл ажиллагаа явуулахгүй байх;
    7. Сургууль, цэцэрлэгийн анги танхим, сургалтын тоног төхөөрөмжийг холбогдох журмын дагуу, зөвшөөрөлтэйгээр ашиглах;

 

  1. Албадлага, дарамт үзүүлэхгүй байхтай холбоотой:
    1. Сургуулийн нэр барьж сурагч, эцэг эхээс хувийн холбогдолтой мэдээлэл гаргаж өгөхийг шаардахгүй байх, хүсээгүй мэдээллийг нь авахгүй байх;
    2. Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэл үзүүлэх аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гаргахгүй байх;
    3. Хүүхдийн дунд сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулахдаа сургууль, цэцэрлэгийн нэрийг барьж хүчээр албадахгүй байх;
    4. Чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хувийн үзэл бодол, улс төрийн байр сууриа хүүхэд, эцэг эх, хамт олонд тулган хүлээлгэхгүй, уриалахгүй байх;
    5. Ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулахгүй, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардахгүй байх, хүлээн авахаас татгалзах;
    6. Хүүхэд, эцэг эхийн зүгээс гаргаж буй шударга, үнэн бодит шүүмжлэлд хүндэтгэлтэй хандах

 

  1. Бэлэг сэлт, хээл хахууль авахгүй байхтай холбоотой:
    1. Ажил үүргээ хэрэгжүүлсний төлөө сурагч, эцэг эхээс шан харамж, хээл хахууль авах, өгөх, зуучлахгүй байх, татгалзах;
    2. Төгсөлт, элсэлт зэрэг албан ёсны арга хэмжээ, баяр ёслолын үед хүүхдүүд болон тэдний асран хамгаалагчид, эцэг эхийн зөвлөлийг үнэтэй бэлэг өгөхөөс аргагүй байдалд хүргэхгүй байх;
    3. Хуульд заасан төлбөр, хураамж, хандив, хөрөнгийн зарцуулалттай холбоотой тайлан мэдээг цаг тухайд нь, шударгаар гаргаж, ил тод тайлагнадаг байх;

 

Дөрөв. Хариуцлага

  1. Багш, удирдах болон бусад ажилтан энэхүү дүрмийг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хариуцлага хүлээлгэн.
  2. Хариуцлага нь ёс зүйн хариуцлага, эрх зүйн хариуцлага гэсэн хэлбэртэй байна.[4] 
    1. Ёс зүйн хариуцлага:
      1. Сануулах, зөвлөх
      2. Уучлалт гуйх
      3. Хамт олны өмнө амлалт авахуулах
    2. Эрх зүйн хариуцлага[5]
      1. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл;
      2. Багшлах эрхийг тодорхой хугацаанд хасах;
      3. Багшлах эрх хасах
  3. Хүлээлгэж буй хариуцлага нь нийгэм, байгууллага, сурагчдад учруулсан хор хохиролд тохирсон, шударга байна.
  4. Багш, удирдах болон бусад ажилтанд, ёс зүйн зөрчил үйлдсэн тохиолдолд энэ дүрмийн 4.2-д заасан хариуцлага хүлээлгэх талаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тусгана.
  5. Ёс зүйн зөвлөл нь багш, удирдах болон бусад ажилтны гаргасан ёс зүйн зөрчилд ямар хариуцлага хүлээлгэх талаар дүгнэлт, санал, зөвлөмж гаргана.
  6. Ёс зүйн зөрчил гаргасан нь нотлогдоогүй тохиолдолд зөрчил гаргасан гэгдэх этгээд Ёс зүйн Зөвлөлийн шийдвэрийг хамт олон, олон нийтэд ил тодоор танилцуулах, мэдээлэл хийлгэх хүсэлтийг бичгээр гаргаж болно. [6]

Тав. Ёс зүйн дүрмийн хэрэгжилт

  1. Ажил олгогч энэхүү ёс зүйн дүрмийг багш, удирдах болон бусад ажилтанд танилцуулж, ёс зүйн дүрмийг мөрдүүлж хэрэгжүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй.
  2. Ажил олгогч ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллах, хариуцлага хүлээлгэх талаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, багш, удирдах болон бусад ажилтны хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээнд тусгана.
  3. ЕБС, цэцэрлэг нь жилийн ажлын тайландаа ёс зүйн дүрмийн хэрэгжилтийн талаар хийсэн ажлаа тусгайлан тайлагнана.
  4. Ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөл хяналт тавьж, мониторинг хийж ажиллана. 
  5. Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг холбогдох хуулийн дагуу Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
  6. Ёс зүйн зөвлөлөөс дүрмийн хэрэгжилтийг хангах зорилгоор зохион байгуулах сургалт, үйл ажиллагааны зардлыг боловсрол соёл урлагийн газрын төсөвт тусгана. Мөн сургалт, үйл ажиллагааг төсөл, хөтөлбөр болон бусад хориглоогүй эх үүсвэрээс санхүүжүүлж болно.

 

 Тайлбар:

2017 оны 12-р сард БСУГ-ын 250 мэргэжилтэнд хэлэлцүүлсэн 1-р шатны хэлэлцүүлгийн санал, зөвлөмжийг ягаан өнгөөр, 2018 оны 1-р сард СӨББ-ын багш, удирдах ажилтан нийт 1000 хүнд хэлэлцүүлсэн 2-р шатны хэлэлцүүлгийн санал, зөвлөмжийг ногоон өнгөөр тус тус ялгаж дүрмийн төсөлд тусгав.

 

[1] Үйлдэл хийх гэдэг нь хүний идэвхтэй байдал, үйл хөдлөлөөр илэрхийлэгдэнэ. Эс үйлдэл нь тухайн хүн тодорхой нөхцөлд өөрийн хийх ёстой байсан буюу гүйцэтгэх үүрэгтэй байсан үйлдлийг хийгээгүйгээс нийгэмд аюултай хор уршиг бий болгоно.

[2] "хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг; “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 3.1.2”

[3] "ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг; “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 3.1.3”

[4] Ёс зүйн хариуцлагыг оногдуулан, гүйцэтгүүлсэн даруйд зөрчилгүйд тооцно.

[5] Хөдөлмөрийн хууль: 131.2.Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.

[6] Иргэний хууль: 21.2.Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ. 

 

Ирсэн саналууд
Санал бичих

Зөвлөмжүүд