Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл

Илтгэлийн дэлгэрэнгүй Илтгэл татах

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЗАРДЛЫН НОРМ, НОРМАТИВ, САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭЧЛЭЛ

Ерөнхий боловсролын салбарын урсгал үйл ажиллагааны нийт зардал нь сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байгаа бөгөөд 2018 онд нийт 619.7 тэрбум төгрөг батлагдсан нь үүнд нийт 778 сургууль санхүүжнэ.

Салбарын нийт төсвийн 68% нь цалингийн сан, НДШ-д, 12% нь ашиглалтын зардалд хуваарилагддаг бол үүний дараа үдийн цайны зардалд 5%, дотуур байрны зардалд 4 хувь зарцуулагддаг.

Ерөнхий боловсролын салбарын төсвийн төлөвлөлт, санхүүжилтийн үндэслэл нь хувьсах зардлын норматив бөгөөд Боловсролын тухай хуулийн дараах заалтуудад баталгаажуулсан байна.

40.1.Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагыг тогтмол болон нормативт зардлаар санхүүжүүлнэ.

40.2.Төрийн өмчит бүх шатны сургууль, цэцэрлэгийн тогтмол зардал, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны нийт зардал, тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардал, цэцэрлэгийн байршлыг харгалзан хүүхдийн хоолны зардлын тодорхой хувь, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ашгийн болон ашгийн төлөө бус цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн албан болон албан бус сургалтад хамрагдаж байгаа нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

 40.3.Сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив, түүний бүрэлдэхүүн, аймгийн төвөөс бусад сум, тосгон, багийн сургуульд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын хүүхдийн тооноос хамаарсан өсөн нэмэгдэх итгэлцүүрийг Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно.

40.5.Нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг сургуулийн байршил, хэв шинж, мэргэжлийн чиглэл, олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн сургалтын онцлог болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээтэй уялдуулан энэ хуулийн 40.3-т заасан сургалтын байгууллага тус бүрээр ялгавартай тогтоох бөгөөд аргачлалыг нь боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 41.3.Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид төрөөс ногдох сургалтын нормативт зардлын хэмжээг тухайн боловсролын сургалтын байгууллагын сургалтын төлбөртэй нь уялдуулан Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно.

 

2018 оны төсвийн хувьд хүчин төгөлдөр мөрдөж буй эрх зүйн баримт бичиг нь Засгийн газрын 2016 оны 242 тоот тогтоол бөгөөд тус тогтоолд дараах өөрчлөлтийг ерөнхий боловсролын салбарт бий болгосон. Үүнд:

  • Хувьсах зардлын бүрэлдэхүүн
  • Сургалтын төлбөртэй уялдуулсан төрийн бус өмчийн сургуулийн  суралцагчийн дундаж норматив
  • Дундаж нормативаар санхүүжүүлэх аргачлал

 

Хувьсах зардлын санхүүжилт нь дараах хүрээг хамарч байна. Үүнд, төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн хувьд (1)Багшийн үндсэн цалин, (2)Хөдөө орон нутагт ажилласны, ур чадварын, анги кабинет, заах аргын нэгдэл хариуцсаны зэрэг нэмэгдэл, (3)Цалин, нэмэгдэлд ногдох байгууллагаас төлөх нийгмийн даатгалын шимтгэл, (4)Бараа үйлчилгээний бусад хувьсах зардал, (5)Дотуур байрны багш, ажилтны үндсэн цалин, орон нутгийн нэмэгдэл, (6)Дотуур байрны бараа үйлчилгээний хувьсах зардал багтах бөгөөд төрийн бус өмчийн сургуулийн хувьд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээ юм.

Хүчин төгөлдөр мөрдөж буй тогтоолын тухайд анх удаа хувьсах зардлын бүтцийг баталсан бөгөөд үүнд бараа үйлчилгээний бусад хувьсах зардлын хувьд сургуулийн сургалтын үндсэн зардал болох хичээл, үйлдвэрлэлийн дадлага хийх зардлыг оролцуулан 11 зардлыг баталсан.

Хувьсах зардлын нормативын аргачлалын тухайд /Засгийн газрын 2016 оны 242 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт/ төлөвлөлт, хэрэгжилтийн харилцааг зохицуулсан ба үүнд дараах аргачлалууд мөн багтсан байна. үүнд:

  • Бараа үйлчилгээний бусад хувьсах зардлыг жилийн дүнгээр батлуулж, орон нутагт эрх шилжүүлдэг бөгөөд зардал хооронд шилжүүлэх боломжтой
  • Тусгай сургуулийн хувьсах зардлыг 3 дахин нэмэгдүүлж олгоно.
  • Баян-өлгий аймгийн цалингийн зардлыг 4%, бараа үйлчилгээний бусад зардлыг 3% нэмэгдүүлж олгоно.
  • Цалингийн сангийн хэмжээ нь тооцсон цалингаас 30% хэтэрсэн тохиолдолд байгууллага хооронд шилжүүлж зарцуулах боломжтой.
  • Аймаг, нийслэлийн Боловсрол, соёл урлагийн газар, дүүргийн боловсролын хэлтэс сар бүр хүүхэд өдрөөр хяналт хийх үүрэгтэй.

Цаашид хувьсах зардлын нормативыг шинэчлэх, санхүүжилтийн аргачлалыг шинэчлэн батлахаар судалж байгаа бөгөөд үүнд дараах арга хэмжээг одоогоор судалж ажиллаж байна. Үүнд:

  • Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын норматив, багш бус ажиллагсдын орон тооны жишгийг шинэчлэн тогтоож, хувьсах болон тогтмол зардлын санхүүжилт, санхүүгийн хяналтын системийг бий болгох;
  • Бараа үйлчилгээний бусад хувьсах зардлын хичээл, практикийн зардлыг нэмэгдүүлэх;
  • Сургуулиуд хувьсах зардлаар бүрэн санхүүждэг болох;
  • Бүлэг дүүргэлт нь нормативт хүрэхгүй хөдөөгийн сумын сургуулийн хувьсах зардлын индексийг шинэчилж, санхүүжилтийн хэвийн байдлыг хангах;

Эдгээр шинэчлэлийг хийснээр төсөв зориулалтын дагуу зарцуулагддаг болох, хичээл үйлдвэрлэлийн зардал нэмэгдүүлэх, төсвийн шууд захирагч нарт цалингийн сандаа багтаан цалин хөлсний асуудлыг шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх юм. Ингэснээр багш болон багш бус орон тооны төлөвлөлтийг ялгавартай байдлаар тогтоож багш бус ажилтны орон тооны жишиг нормативыг баталж мөрдөх, цаашид багш болон багш бус ажилтны цалингийн санг хооронд нь шилжүүлж зарцуулах боломжгүй болно. Ингэснээр багшийн цалин, нэмэгдлийг бүрэн олгох, ажлын ачаалал, үр дүнд тулгуурлан цалин, урамшууллыг бодитой тогтоох тооцох нөхцөл бүрдэнэ.

 

Ирсэн саналууд
Санал бичих

Зөвлөмжүүд